Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ бүсийн товчооны захирал Ханс Клюге “Коронавирүсийн Цар тахалтай төстэй өвчин дахин манай гараг дээр дэгдэж болзошгүй. Шинэ Цар тахал хаана, хэзээ гарах нь чухал биш, хамгийн гол нь улс орнууд түүнд бэлэн байх хэрэгтэй. “COVID-19” дэгдэхээс өмнөх үетэй харьцуулахад одоо дэлхий дахин энэ асуудлын тухайд илүү их мэдлэг хуримтлуулж илүү сайн бэлтгэлтэй болсон гэж би найдаж байна. Тиймээс улс орнууд эмчилгээний туршлага болон вакцинаа хуваалцаж, харилцан солилцох хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Харин оросууд энэ талаар өөр үзэл бодол илэрхийлэв.
“Коронавирүсийн шинэ, аюултай штамм ойрд гарахгүй гэж би үзэж байна. Тодруулбал, 6 жил эсвэл түүнээс олон жилийн дараа л коронавирүсийн Цар тахал дахин дэгдэх магадлалтай.... Өвчтөний биед вирүс асар олон мутацид орсны дүнд ковидын шинэ штамм үүсдэг. Вирүс үнэндээ та бид бүгдийн биед хувьсалд орж мутацлагдаж байна. Эдгээр мутацийн хуримтлал л шинэ штамм үүсгэдэг. Вирүс хичнээн олон хүнд халдварлана, мутаци үүсэх эрсдэл улам өндөр. Ер нь одоо коронавирүсийн дэгдэлт улирлын шинж чанартай болж байна” гэж ОХУ-ын МФТИ-н геномын инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, вирүс судлаач Павел Волчков ярилаа.