өдөр
шөнө
×

Өсөрхөг зан амьдралыг богиносгодог

“Санаа муут яван хатна” гэсэн зүйр цэцэн үгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Харин одоо энэ үнэнийг Америкийн Теннесси ба Кентукки мужуудын их сургуулийн эрдэмтэд ажиглалт судалгаа явуулсны эцэст баталж чадлаа. "Эргэн тойрны хүмүүст сөрөг дайсагнасан хандлагатай, атаа хорсол өвөрлөдөг бол инфаркт тусах өндөр эрсдэлтэй, тэр бүү хэл давтан туссан тохиолдолд хорвоог орхиж ч мэднэ" гэж эрдэмтэд мэдэгдэв. Өмнөх судалгаагаар зүрх судасны өвчин (түүнчлэн инфаркт) тусах эрсдэл ямар хүмүүст өндөр байдгийг судлаад, “Эрээ цээргүй авирладаг, доог тохуу хийх дуртай, гомдомхой, өш хонзон санамхай, тэсвэргүй, уцаар их, цухалдамхай хүмүүст энэ эрсдэл хамгийн их” гэж тэд дүгнэсэн. Харин одоо эрдэмтэд 2 дахь удаагаа инфаркт тусахад чухам ямар зан авир, шинж чанар нөлөөлж буйг тодруулах гэж оролдов. Үүний тулд тэд анх удаа инфаркт болсон 2321 өвчтөнийг 2 жилийн турш ажиглаж мэдээлэл цуглуулан анализ хийжээ. Өвчтөнүүдийн дундаж нас 67 байсан, ихэнх нь гэрлэсэн, цагаан арьстан эрчүүд. Оролцогчдын талаас илүү буюу 57% нь “дайсагналын хэмжүүр”-ээр нилээд өндөр оноо авчээ. Өөрөөр хэлбэл тэд эргэн тойрны хүмүүстэй хэт найрсаг бус, бараг л дайсагнасан байдлаар харьцдаг аж. “2 дахь удаагаа инфаркт тусахад муухай зан авир нөлөөлдөг гэж бид үзсэн. Энэ бол яг хүйс, нас, боловсролын түвшин, гэр бүлийн байдал, диабет, даралт ихдэх, тамхидалт шиг нөлөөлдөг хүчин зүйл. Гэхдээ сөрөг, дайсагнасан хандлага болон 2 дахь инфарктыг даалгүй нас барахын хооронд ямар холбоо, биологийн ямар шалтгаан байгаа нь тодорхойгүй. Ер нь зүрх судасны өвчтэй хүмүүс амьдралын эрүүл хэв маягийг баримтлах гэж хэт хичээх шаардлагагүй. Тэд зөв хооллох, тамхиа хаях, дасгал хөдөлгөөн хийх гэж оролдож байхын оронд эргэн тойрны хүмүүст ханддаг өөрийн хандлагыг өөрчлөх тухайд санаа тавьж байвал зохилтой” гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top