Улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээ үзүүлж буй лавлагаа шатлалын байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төв “ISO 9001:2015-Чанарын менежментийн тогтолцоо” олон улсын стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээгээ гардаж авлаа.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт шаардлагыг хангах, чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төвийн нийт тасаг, албадын зүгээс идэвх санаачлагатай оролцож, баримт бичгийн бүрдэл болон үйл ажиллагааны нэгжид анхаарч ажилласан байна. Энэ хүрээнд Д.Дуламсүрэн захиралтай “Аму консалтинг” ХХК-ийн зөвлөн туслах үйлчилгээг авч, “МонСертф” ХХК-ийн тэргүүлэх аудитор Т.Бадамсэд, аудитор А.Мөнхжаргал, аудитор Г.Болдмаа нарын нийт хоёр удаагийн үнэлгээгээр “Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага” болсныг баталгаажуулсан юм.“ISO 9001:2015-Чанарын менежментийн тогтолцоо” олон улсын стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээг “МонСертф” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Билгүүн, гүйцэтгэх захирал Б.Энхтөгс нараас ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, ЭМТҮЧАБА-ны дарга Б.Бат-Оргил, чанарын менежер Д.Нацагбадам нарын төлөөлөл гардан авлаа.