Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/263 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.
Хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилготой цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж, ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны Хүүхдийн эмнэлгийн чанарын менежер, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн 233 эмч, мэргэжилтэн оролцлоо.
Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Сэргийлж болох хүүхдийн эндэгдэл”, Тандалт судалгааны албаны мэргэжилтэн П.Орхонтуул “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, 2019-2023 оны I-XI сар”, Тандалт судалгааны албаны эмч Б.Одонгоо “Эмнэлгийн нөхцөлд эндсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтийг магадлан хэлэлцэх тухай Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/263 тоот тушаал”-ын талаар мэдээлэл хийж, илтгэл тавьсан.
Мөн эмч, мэргэжилтнүүдийн асуултад хариулж, санал солилцон эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж байх осол гэмтэл, эмчилж болохуйц шалтгаанаар хүүхэд эндэж буйд анхаарал хандуулснаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлж, эндэгдлийг бууруулах боломжтойг онцоллоо.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцсэн хурлын материал, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭХЭМҮТ-ийн ТСА-нд цаг хугацаанд нь ирүүлэхийг сануулав.