“Эрүүл мэндийхээ төлөө - Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аяны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-иар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн.Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг.
Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад хүн амын нас баралтын шалтгааны 85.9%-ийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний 1 нь хавдрын улмаас нас барж байна.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгаагаар Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, мөн 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай гэсэн үр дүн гарсан.
Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаагаар Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна. Aлхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн) багаж хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй байна.
ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран “Эрүүл мэндийхээ төлөө - Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд Монгол залуучуудын бүтээсэн "Alhay" гар утасны аппликеишнийг ашиглан 2021 оны 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аяныг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нар үг хэлэв.
Эрүүл мэндийн яам, Биеийн тамир спортын улсын хороо болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн болон биеийн тамирын газрын нийт 100 гаруй төлөөллүүдийг оролцуулсан уг аяны нээлтийн үйл ажиллагааг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа удирдаж, 2017-2020 онуудад хийгдэж байсан алхалтын өдрийн талаарх гарсан эерэг үр дүнг цохон тэмдэглэв. Тус аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа танилцуулав. Мөн ЗГТА-БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан "Алхалт, Гүйлт, Дугуй" аяны талаар товч илтгэл тавив.
“Алхая” аппликейшний үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр "Alhay" аппликейшныг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийв.