Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албанаас тогтмол зохион байгуулдаг 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн болон сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн халдварт бус өвчний асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сургалтыг нээж ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа халдварт бус өвчнөөс сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Энэ удаагийн сургалтаар:
• Өнгөрсөн онд хийгдсэн “Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтын мэдээ, 2020 оны тайлан, цаашид анхаарах асуудал”
• Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр-2020-ийн хэрэгжилт, ЭМС-ын 2021 оны А/96 тоот тушаал, “Чихрийн шижин хэвшинж-2 өвчний эмнэлзүйн заавар”-ын танилцуулга
• Орон нутагт хэрэгжих МонгПен төслийн танилцуулга, төлөвлөгөө
• Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, Дэлхийн тамхигүй өдрийн үйл ажиллагааны чиглэл
• Зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх
• “Хүн амын идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх” зааврын танилцуулга, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал гэсэн чиглэлүүдээр чадавхижуулах хичээлүүдийг явуулав. Сургалтын төгсгөлд оролцож буй эмч, мэргэжилтнүүд цаашид зохион байгуулах сургалтын хэрэгцээ болон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг тодорхойллоо.