“Та бидний гэдсэн дэх “зөв” микробиом нь дархлааны системийн сайн ажиллагааг хангаж өгдөг, иймээс вирүсийн өвчнөөс (түүнчлэн ханиад томуу, COVID-оос) сэргийлэхийн тулд пробиотик уух хэрэгтэй. “Lacticaseibacillus rhamnosus” лактобактерийг агуулсан пробиотик бэлдмэлд саяхан хийсэн клиник судалгаа үүнийг баталсан" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Clinical Nutrition” сэтгүүл нийтэлжээ.
Эрдэмтэд судалгаагаа Цар тахлын үед буюу 2020 оны сүүл, 2021 оны эхээр явуулсан аж. Уг судалгаанд коронавирүсийн халдвар авсан өвчтөнтэй хавьталд орсон хүмүүс сайн дураар оролцжээ. Тодруулбал, ковидоор өвчилсөн хүнтэй нэг гэрт амьдардаг хүмүүс. Туршилтад хамрагдсан сайн дурынхны тал нь 28 өдрийн турш 10 тэрбум КОЭ L. Rhamnosus уусан бол үлдсэн нь плацебо хэрэглэжээ. Тэгэхдээ бэлдмэл эсвэл “хоосон эм”-н алиныг ууж буйгаа оролцогчид өөрсдөө мэдэх ёсгүй байв. Туршилтыг дүгнэхэд, пробиотик уусан 4 хүн тутмын 1 нь буюу 26,4% нь ковид эсвэл амьсгалын замын өвчнөөр өвчилсөн байлаа. Харин плацебо хэрэглэсэн хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт хавьгүй өндөр буюу 42,9% нь халдвар авч өвчилжээ.