Хүнтэй гар барихдаа тухайн хүнд зүрхний өвчин, остеопороз тусах эрсдэлтэй эсэхийг тодорхойлж болно хэмээн англи эрдэмтэд мэдэгдлээ. Мария хатан хааны Лондоны их сургуулийн эрдэмтэд 5000 өвчтөний түүхийг судалж анализ хийсний дараа ийм дүгнэлт хийжээ. Энэ судалгааны дүнг “The Sun” нийтлэв. Английн эмч Сара Жарвис “Хүмүүсийн гар атгалт сул бол тэдний зүрх нь биеэр цус шахахдаа сул... Зүрхний дутагдал нь инфаркт, инсультэд хүргэх эрсдэл өндөр. Залуудаа гар атгалтын хүч сул байсан бол хожим ой тогтоолт, сэтгэлгээний асуудалтай болдог, түүнчлэн тэд деменцид илүү их өртөмтгий байгааг бид тогтоосон. Хижээл насны хүмүүсийн гар атгах хүч сул бол унаж бэртэх, яс хугарах нь магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд остеопороз тусах эрсдэл өндөр. Ийм учраас та эмчид үзүүлэхдээ жил бүр сарвууны динамометрын тусламжтай гарын хүчээ шалгуулж байгаарай” хэмээн зөвлөжээ. Түүнчлэн гарын атгалтын хүч сул байх нь ухаан муудах (деменци) өвчин тусах өндөр эрсдэлтэй гэдгийг АНУ-ын Калифорний их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаа баталсан юм. Уг судалгаанд дунд эргэм насны 190 мянган хүн сайн дураар оролцжээ.