Цар тахлын үед хоол хүнсэндээ өмнөхөөс илүү анхаарал хандуулах хэрэгтэй тухай Энэтхэгийн хоол зүйч Прити Тяги зөвлөжээ. Тус орны “The Pioneer” сонинд нийтлэгдсэн материалдаа эмч мөн “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүст зориулан зөвлөгөө өгсөн байна. “Нийлмэл нүүрс-ус, жишээлбэл нь бүтэн үрийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ аль болох их хэрэглэвэл зохино. Мөн йогурт, цайны мөөгний ханд, давсалсан өргөст хэмх, шош ахиу хэрэглэ. Ийм байдлаар хооллоход гэдэсний бичил орчин нөхөн сэргэж дархлаа бэхжинэ” гэж Прити Тяги зөвлөжээ. “Өглөөдөө “омега-3”-аар баялаг хушга эсвэл гүйлс, хулууны үр идээрэй, учир нь өвчний дараа бие организм тэнхрэхэд тустай. Ялангуяа хушганд цайр, уураг, селена, В бүлгийн витамин агуулагддаг тул суларч доройтсон бие махбодь хэвийн байдалдаа хурдан ороход хэрэгтэй. Гэхдээ шууд хэвийн амьдралдаа орох гэж бүү яар. Хоногт 8-9 цаг унтаж бай, ингэснээр вирүсийн эсрэг тэмцэж суларсан дархлааны систем нөхөн сэргэнэ. Өвдсөний дараа аль болох их шингэн уу, чиа үр ба базиликтай ус уувал сайн. Үүний зэрэгцээ биеийн болон оюуны хэт ачааллаас зайлсхийх ёстой” гэж доктор Рохини Патил хэллээ. Харин Оросын эмч Михаил Лущик “Цагаан лууван буюу редькаг хүнсэнд хэрэглэвэл дархлааг бэхжүүлдэг. Түүнд их хэмжээний хүхэр агуулагддаг тул ходоод гэдэсний замын ажиллагааг идэвхжүүлж хортой бодисуудыг гадагшлуулдаг” хэмээн онцолжээ.