Хоол хүнсэндээ загасыг аль болох ахиу хэрэглэх хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна. Учир нь загас их хэмжээгээр иддэг хүмүүс гуниглах, сэтгэлээр унах, гутрах нь цөөн байдаг нь тогтоогджээ. Хэрэв загас огт иддэггүй, эсвэл бага хэрэглэдэг бол сэтгэл гутралд орох магадлал өндөр аж. Судалгаанаас үзэхэд сэтгэл гутралд орсон зарим бүлгийн тухайлбал, амаржсан эхчүүд болон архи их уудаг, склерозтой хүмүүсийн ийм төлөв байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд загас, загасны тос хангалтгүй хэрэглэж байжээ. Австралийн эрдэмтэд сэтгэл гутралд орсон 21 өвчтөнийг судалжээ. Сэтгэл гутралын хурц шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн цус ба эсүүдийн мембранд өөхний хүчлийн баланс алдагдсан болох нь тогтоогдов. DHA төрлийн загасны тос нь серотонины агууламжийг зохицуулдаг юм байна. Серотонин бол мэдрэлийн эсүүдийн хооронд импульс дамжуулагч бөгөөд та бидний сэтгэл санаа өндөр байхад нөлөөлдөг гэдгээрээ алдартай. Сэтгэл гутралд орсон хүмүүсийг судлахад голдуу серотонины түвшин доогуур байдаг ажээ.