өдөр
шөнө
×

“Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.МӨНХЖАРГАЛ: БӨӨРӨӨ БӨӨЦИЙЛЬЕ ГЭВЭЛ ДООРООСОО ДААРАХГҮЙ ДУЛААН ХУВЦАСЛА

Хүйтэн сэрүүний улиралд уншигчдаас маань бөөрний өвчлөлийн талаарх асуултууд түгээмэл ирдэг. Бид энэ удаагийн зочин эмчээр “Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргалыг урьж бөөрний өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан талаар яриагаа эхэлье?

1989 онд Анагаах ухааны дээд сургуульд (АШУҮИС) цэргээс элсэж ороод, 1995 онд төгссөн. Тэр үеийн оюутнууд төгсөхөөсөө өмнө ажиллах эмнэлгээ сонгоод тэндээ 6 сараас жилийн хугацаанд дадлага хийсний дараа ажилладаг байсан юм. Энэ дагуу би хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны эмнэлэгт жил гаруй ажиллаад төгсөөд тэндээ үлдсэн. Би мэс заслын эмч болох сонирхолтой байсан учир ажиллах хугацаанд энэ дагуу сургалтад сууж амжилттай төгсөөд 1996 оноос мэс заслын эмч болох гараагаа эхэлсэн. Анх надад хутга барьж, мэс засал хийх арга, ажилбарыг зааж өгсөн, миний хүндэтгэж явдаг Бундангийн Болдсайхан багш маань 1999 онд Улаанбаатар хотын буяны тодотголтой “Энэрэл” эмнэлгийг байгуулах санааг гарган, байгуулсан. Ингээд энд хамтарч ажиллах саналыг гарын гурван шавьдаа тавьсан. Шагдарын Зоригоо, Буянжаргалын Баярсайхан бид гурав багштайгаа ажиллах сэтгэлийн дуудлагаар, сурсан мэдсэнээ хүний төлөө зориулах гээд ажиллаж байсан эмнэлгээсээ гараад нэгдэж байсан. Нийгмээс гадна хаягдсан хэдий ч эмчийн халамж байх ёстой гэдэг үүднээс бид тэнд одоогийнхоор том том эмнэлгүүдээ орхиод явж байлаа. Тэнд гурван жил ажиллахдаа бид үзээгүй юм аа үзэж, хэцүү бэрх байсан ч бид шантралгүй, ядарсан хүмүүст туслах гэсэн зорилгодоо хүрч ажиллаж чадсан гэж боддог.

Манай “Энэрэл” эмнэлэг орон гэргүй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч, шаардлагатай үед траншейнд нь орж, эмнэлгийн туслалцааг нь үзүүлдэг байлаа шүү дээ. Ингэж тухайн эмнэлгээ зохих түвшинд хүргээд эргээд хуучин ажилдаа орцгоосон. Түүний дараа бөөрний мэс заслаар мэргэжил дээшлүүлэх сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Төрийн соёрхолт н.Нарантуяа багшийнхаа удирдлага дор суралцсан. Суралцсаны дараа УНТЭ-д ажиллах боломж олдож, 2003 оноос эхлэн арав гаруй жил ажилласан. Тэнд ажиллах хугацаанд Монголын бөөрний мэс заслын алтан үеийн эмч нартай шавь нь болж, хамтран ажилласан даа.

Хэзээнээс эхлэн эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэнэ гэж бодох болов. Хүндтэй бас хариуцлагатай мэргэжил сонгох болсон шалтгаан нь юу байв?

Би багаасаа л эмч болно гэж боддог байсан. Аав маань жолооч, ээж маань лаборант, манай удамд нэг ч дээд боловсролтой хүн байгаагүй учир ээж, аав маань миний ярихыг сонсоод гайхдаг байлаа. Бага байхдаа эмэгтэйчүүдийн эмч болно гээд л ярьдаг хүүхэд байсан. Манай гэрт Жав багшийн “Эх барихын сурах бичиг” гээд ном байдаг, жоохон хүүхэд байж “өвчтэй юм шиг” тэрийг уншдаг байлаа шүү дээ. Харин ахлах ангид орохдоо мэс заслын эмч болно гэж шийдсэн юм. Аав маань жолооч хүн байсан хэдий ч нэг ч удаа надаар машинаа бариулж, багаж ч бариулж байгаагүй. Ганц нэг удаа арчиж л өгсөн байх. Яагаад гэхээр аав маань нэг л удаа түлхүүр, багаж барьчихвал дурлачихдаг учраас надад өгдөггүй байсан гэдгээ сүүлд хэлсэн. Аав маань ухаантай хүн байсан учраас ингэж байсан байх нь л дээ. Тэгээгүй бол өдийд аав маань жолооч юм чинь гээд эмч биш жолооч болчихсон явж байх нь шүү. Аравдугаар ангиа төгсөөд конкурс өгсөн боловч харамсалтай нь АУДС-д тэнцээгүй. 1987 онд л доо. Яадаг ч байсан эмч болно, Анагаахын дээдэд орохдоо л орно эхлээд Сувилагчийн сургуульд сурчихъя гээд тэнд орсон. Гэтэл тэр намар аравдугаар сарын 22-нд нь цэргийн зарлан ирсэн. Хоёр жилийн цэргийн анхны татлага байсан юм. Цэргийн алба хааж байх хугацаандаа ч эмч болно оо л гэдэг байлаа. Тэгээд конкурсд бэлтгэх номнуудыг олж аваад орой үдшийн цагаар чадлаараа л өөрийгөө дайчилж байсан. Дурангийн мэс заслын эмч Б.Баярсайхан бид хоёр чинь 31-р сургуулийн зэргэлдээ ангийн хоёр л доо. Бид хоёр хоёулаа цэрэгт явсан. Халагддаг жил тэдний анги манай зэргэлдээ ангид нүүж ирээд, хүсэл, зорилго нэгтэй учраас оройд уулзаж хичээлээ давтдаг байсан.

Ингээд бид хоёр цэргийн ангиас шалгалтад ороод Анагаах ухааны сургуулийн эмчилгээний ангид тэнцэж орсон. Энэ мэдээгээ ээж, аавдаа хэлэх гээд тухайн үед утас байх биш мөлхөө ногоон автобусанд суугаад л би дотор нь нисээд байдаг, автобус мөлхөөд байдаг үнэхээр л нисэх шахам догдлон гэрийн зүг явж байснаа одоо хүртэл мартдаггүй юм. Тийм ч болохоор би Монголын ардын армидаа талархаад бардаггүй. Бидний эмч болох хүслийг биелүүлж, эр хүн болгож өгсөн газар даа. Энэ мэргэжлийг эзэмших гэж өөрийнхөө хэмжээнд хичээж, мөрөөдөж явсан юм шүү дээ.

-Анагаах ухааны сургуульд тэнцсэн мэдээг ээж, аав тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш их баярлаж байсан. Бүр хэзээ ч тийм зүйл болно гэж төсөөлж мөрөөдөж ч байгаагүй юм шиг байгаа юм. Ээж аавыгаа олон удаа баярлуулж байсан ч тэр л хамгийн их баярлуулсан нь байх. Манай удамд анхны дээд сургуульд орж байгаа хүн нь би байсан болохоор тэгж их баярласан болов уу гэж боддог юм.

Яагаад заавал бөөрний мэс заслын эмчийн нарийн мэргэшлээр суралцахаар болов?

Хүн өөрийн эрхгүй хүсэл тэмүүллээрээ татагддаг юм шиг байгаа юм. Би энийг хийж чадах юм байна, энүүгээр л явах нь зөв юм байна гээд зүрх сэтгэл дууддаг. Намайг НАХЯамны эмнэлэгт ажиллаж байхад чи нэг зүйлээр мэргэшээд түүнийгээ л бусдаас илүү хийж чаддаг байх ёстой гэсэн зарчим шаардлага тавигддаг байсан. Тэнд ажиллаж байхад ийм хэрэгцээний нарийн мэргэжлийн эмч бараг байдаггүй байсан. Би энэ салбарыг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Сайн мэргэжилтэн, багш нарынхаа буянаар сурсан эрдмийнхээ хэмжээнд сайн хийгээд л явж байна. Гэхдээ би ганцаараа зүтгээгүй, хамтран ажилладаг нөхөд, багш нар маань байна.

Бөөрний эмчтэй уулзсаных эргэлзээтэй байдаг хэдэн асуултад хариулт авъя гэж бодлоо. Унтахын өмнө ус уухаар шөнө бөөр ажиллаад муу гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

Энэ үгийг өөрөө өвөө эмээ, аав, ээжээсээ л сонссон биз дээ. Энэ нь “Үхэх хүнд үг хэрэггүй, унтах хүнд ус хэрэггүй” гэдэг үгтэй холбоотой. Бидний өвөө эмээ нар бага байхаас л унтахдаа ус уух гэхээр ам цагаан хулгана ус авч ирж өгнө гэдэг байсан. Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн ардын ёс заншилтай л холбоотой. Өвөө, эмээ нар шөнө босч шээхийн зовлонг ойлгодог учраас хүүхдүүдээ бас тэгэх юм байна гэж болгоомжилсны үндсэн дээр гарсан ойлголт. Үр хүүхдээ хайрлаж, шөнө бүтэн нойртой хоноосой гэсэндээ л ингэж хэлдэг байх нь. Түүнээс биш бөөрөнд муу гэсэн ойлголт худлаа. Бас цагаан будаа идвэл сэрүүднэ гэж нэг яриа бий дээ. Бидний багад нүдний гэм цагаан будаа идэх гэхээр л сэрүүднэ гээд идүүлдэггүй байлаа. Энэ яасан гэхээр цагаан будаанд хаван хөөх үйлдэл байдаг учраас шээх нь нэмэгддэг байх нь шүү дээ. Болгоомжлолын дагуу л ингэж хэлдэг.

Ус гэснээс өглөө босоод 200-250мл-ын аягаар гурваас дөрвөн аяга усыг цагийн дотор бага багаар ууж байгаарай. Ингэснээр ходоодны хананд наалдсан хог, хаягдлуудыг гадагшлуулдаг.

Манайхан түгжирч, түгжирч хариад хоол идээд, унтаад өгдөг. Унтаад сэрэхэд урд шөнийн хоолны бүх ялзарсан үлдэгдэл хоолой болон ходоодонд байж байдаг. Тиймээс өглөөний цайнаас өмнө ингэж ууснаар ходоодон дотор байгаа бүх үлдэгдлийг хөөгөөд гаргачихна. Хоёрдугаарт уусан шингэн цусанд шимэгдэн, бөөрийг тэжээж, усаар хангадаг.

Эмэгтэйчүүд цистит тусчихлаа гэхээр хар цайны ууранд суу гэх зөвлөгөөг нэгэндээ өгдөг. Гэтэл энэ нь илүү уршигтай гэж сонсож байсан юм байна.?

Хар цайны ууран дээр суухаар түр зуур өвчин намддаг нь үнэн. Гэтэл түүний цаана юу болж байгааг хүмүүс ойлгохгүй байна. Том тулааны өмнө нам гүм байдаг. Яг л тэр. Өвчин улам хүндэрнэ. Дараагийн давлагаа ирнэ, дахин дахин өвдөхийн үүдийг нээж өгдөг. Энэ үйл явцыг би бүр нарийн тайлбарлаж өгье л дөө. Өрөөг давсаг гэж бодвол хаалга шээдэг сүв, цонх бөөрнөөс шээс орж ирдэг сувгийн амсар. Цонх онгойж бөөрнөөс шээс орж ирж дүүрээд хаалгаар гардаг байх нь ээ дээ. Шээж дууслаа хаалга хаагдлаа. Хүний бие организм гэдэг маш ухаантай. Гаднаас дүүрэн халдвар хаалган дээр овоорчихсон, орох гээд дайраад байна. Хаалга, коридор орчим буюу шээсний сүв орчим нянгуудад эзлэгдчихсэн. Тэгээд дээш мэдээлэл өгнө. Дайснуудад эзлэгдлээ, дотогш орох гээд байна гээд тархи руу мэдээлэл өгнө. Хаалга онгойвол хот эзлэгдэх гээд байна шүү дээ. Тэгэхээр тархи “За түр хүлээж бай. Тусламж өгье” гээд давсаганд мэдээлэл өгнө. Тэгэхээр “дайсны тал”-ыг шээсээр гадагшлуулж, нянгуудыг ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа юм. Тэгэхээр бие организм арга хэмжээ авч байгаа нь энэ. Гэтэл хаалган дээр байгаа нянгуудыг цаанаас нь халуун уураар төөнөж байгаа юм. Уураар төөнөхөөр үхэх хэсэг нь үхдэг байх, гэвч хаалга онгойх зуур нянгууд мөлхөж орж ирээд нэг буланд нь нуугдчихна. Ингээд нэг ширхэг нян нэг сая болтлоо үржинэ. Ингээд дараагийн довтолгоогоо хийх нь байна. Тиймээс халуун уураар утаж болохгүй.

-Бөөрний чулуу өвчин үүсэх шалтгаан юу байдаг юм бол?

Энэ өвчинд бөөр шээсний замд чулуу байрлах, чулуутай холбоотой даган гарч буй хүндрэлийг хамруулан ойлгох хэрэгтэй. Шалтгаан маш олон янз. Эхний шалтгаан бол тухайн хүний биед байгаа эрдэс бодис, химийн элементүүдийн цусанд байх ёстой хэвийн тоо хэмжээ их байх. Бамбай булчирхай, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, элэгний өвчлөлийн улмаас ийм өөрчлөлт гарах нь бий. Дээрх элементүүд шээсээр дамжин гарахдаа бөөрөн дотор чулуу үүсгэдэг.

Хоёрдугаарт, усны хэрэглээ нөлөөлдөг. Хүний биеийн 70 хувь уснаас бүрддэг шүү дээ. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэхэд нөлөөлнө. Амьдарч буй орчин, байгаль цаг уурын нөлөө ч бий. Хатуулаг ихтэй ус хэрэглэх, усны хүрэлцээ муу байх нь чулуу үүсэхэд нөлөөлнө. Хүмүүсийн хүнсний хэрэглээ бас нөлөөтэй. Давс ихээр хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмдэг. Хүнсний химийн орц, найрлагатай ч холбоотой. Мөн бөөр шээсний замын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Төрөлхийн гажиг бөөртэй, бөөр дутуу байх, бөөрнөөс шээс ялгаран гарахад шээсний урсгалд саад болохуйц бүтэцтэй бол шээсний тогтонгишил үүсч түүнээс шалтгаалан бөөр чулуужих нь бий. Тэгэхээр хүн бүрт өвчин үүссэн шалтгаан харилцан адилгүй байдаг.

Бөөрний чулуу үүссэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Бөөрөн дотор чулуу үүсчихсэн байхад юу ч мэдэгдэхгүй. Нартай өдөр зугаалж яваа юм шиг л байна. Манайд ихэнхдээ компани нь урьдчилан сэргийлэх үзлэгт орооч ээ гэж гуйгаад, нөгөө хүн нь хөөгдөн туугдан ирж, ЭХО-д харуулахад гай нь таарч чулуутай гэж л оношлогдож байгаа юм. Тэгэхгүй бол яваад л байна. Тохиолдлоор л оношлогддог. Чулуу өдрөөс өдөрт нэмэгдээд л байна. Ингээд нэмэгдэж байгаад тухайн хүний ууж буй ус, ажил хөдөлмөр, орчин нөхцөлөөс шалтгаалаад нэг өдөр бөөрнөөсөө унана, нэг бол цаашид томорсоор л байна. Чулуу хэр хурдан томрох нь тухайн хүний амьдарч буй орчин нөхцөлөөс л шалтгаална. Чи дан бяслаг иддэг, би дан мах иддэг. Тэгсэн хэр нь чи ус бага уудаг, би ус их уудаг гээд хүн бүр өөр шүү дээ. Тэгэхээр хувь хүний онцлогтой шууд хамааралтай. Хүмүүс чулуутай гэнэ лээ гээд л тоохгүй явдаг. Гэтэл ингэж яваад нэг өдөр хүчтэй өвдөлт өгдөг.

Чулуугаа авахуулсан хэр нь дахиад л чулуутай болсон гэх хүмүүс бий.

Бөөрний чулуу гэнэт нэг өдөр унаад давсаг явах замдаа таглардаг. Ингээд гацчихлаар шээс гарч чадахгүйн улмаас бөөр чинэрч өвддөг. Энэ бол Монголоор бөөрний хатгаа гэж нэрлээд байдаг зүйл. Амьдралдаа нэг удаа энэ өвдөлтийг мэдэрсэн хүн бол дахиж өвдөхийг хүсдэггүй. Айдаг. Тэгсэн хэр өвдөөд ирж буй хүмүүс бидний зааж өгсөн зөвлөмж, дэглэмийг барьдаггүй. Идэх дуртай хоол хүнсийг нь хориод байдаг юм шиг байгаа юм. Хоолны дэглэм барихгүй дээр нь ус тогтмол уудаггүйгээс болоод дахидаг. Бөөрний чулуу гэх оноштой ирж байгаа хүмүүсийг бид шингэн зүйл хэр их ууж байгааг асуухад “бараг үгүй” гэж хариулдаг. Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тэгэхээр эд эсээ тэжээхийн тулд ус ууж шингэлж байх ёстой. Эд эрхтэн усаар тэжээгдэж, чийгтэй байх ёстой. Хуурайших юм бол болохгүй. Байгаль хүртэл усгүйдээд ирэхээр ямар гамшиг болдог билээ. Түүнтэй л адил.

Цаг зав гарган өөрийн түүхээс ярилцаж, ойлгомжтой зөвлөгөө өгсөн танд баярлалаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Muugii (127.0.0.1)
    Amjilt. Sainbrmch shvv
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Emchdee amjilt huseye
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
Top