Хүний нийгмийг харилцаагүй төсөөлөх аргагүй. “Найз нөхөдтэйгээ уулзаж ярилцах үед сэтгэл санааны байдал дээшлэх төдийгүй өвчнөөс сэргийлдэг” хэмээн Америкийн сэтгэл зүйчид баталж байна. Монголчуудын хувьд үүн дээр төрөл саданг нэмбэл зохих байх. Эрдэмтдийн олж тогтоосноор нийтэч, найзархаг хүмүүсийг ганцаардмал, “хаалттай”, дүнсгэр хүмүүстэй харьцуулахад илүү цөөн өвдөж байжээ. Уг нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл эсрэгээр баймаар, чухам вирүс л ойр дотно харилцааны үед халдварладаг билээ. Гэхдээ олонтойгоо явдаг, нийтэч хүмүүсийн сайхан сэтгэл, өөдрөг үзэл нь ямар ч вирүсээс илүү хүчтэй бололтой. Тэгээд ч тийм хүмүүс амьдралын идэвхтэй хэв маягийг эрхэмлэдэг, харин энэ бол дархлааны системийг бэхжүүлэхэд маш хэрэгтэй. Ялангуяа ахимаг насны хүмүүсийн хувьд бусадтай их харьцах боломж, харилцан ойлголцолд хүрэх нь хөгшрөлтийг сааруулах, оюуны идэвхтэй ажиллагааг дэмжих чухал хүчин зүйл болдог аж. Хэрэв ахмад настнууд ганцаардах буюу харилцаа нь хязгаарлагдмал болбол хөгшрөх явц улам хурдасдаг юм байна.