Чихэрлэг, хийжүүлсэн ундаа болон шүүс, энергетик буюу эрч хүч нэмэх ундааг өдөр бүр уухад бүдүүн гэдэсний хорт хавдар эрт тусах эрсдэл 2 дахин ихэсдэг гэж Вашингтоны их сургуулийн эмч нар нотоллоо. Эрдэмтэд энэ судалгааг 14 жилийн турш эмэгтэйчүүдийн дунд явуулжээ. Дээр дурдсан ундааны аль нэгийг өдөрт 0,5 литр уудаг эмэгтэйчүүдэд бүдүүн гэдэсний хорт хавдар тусах нь 2 дахин их тохиолддог аж. Хэрэв өсвөр насны хүүхдүүд ийм чихэрлэг ундааг тогтмол хэрэглэдэг бол гэдэсний хорт хавдар тусах эрсдэл гуравны нэгээр өсч байв. Хүүхдүүд нас биед хүрсний дараа хийжүүлсэн, чихэрлэг ундааг үргэлжлүүлэн уусаар байгаа бол эрсдэл мэдээж арилахгүй гэж судлаачид сэрэмжлүүллээ. “Чихэрлэг ундаа яагаад ингэж сөрөг нөлөөлдөг вэ гэвэл гэдсэн дэх бактериудын аюултай штаммын тоо ихэсч өөхлөлт үүсдэг, мөн гэдэсны ханан дээрх үрэвсэлтэй холбоотой” гэж Оросын хавдрын эмч Елена Смирнова тайлбарлажээ.