АНУ-ын олон мужийн удирдлага ард иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд сугалаа явуулж байна. Сугалаа зөвхөн коронавирүсийн вакцин тариулсан хүмүүсийн дунд явагдах ба сая Мичиган мужид нэг бүсгүй бүр 2 сая доллар хожжээ. Тэр өөрийн нэрийг зарлахыг зөвшөөрсөн аж. Кристин Дюваль гэдэг энэ бүсгүй мужид нь ковидын вакцин ирмэгц нөхрийнхөө хамт тариулсан, дараа нь мөн хүүхдүүдээ ч хамруулсан юм байна. Сугалааны мөнгө тэдний амьдралд маш их хувь нэмэр болжээ. Яагаад гэвэл Цар тахал дөнгөж эхэлж байхад Кристин ажлаасаа халагджээ, учир нь зайны сургалтын үеэр бага охиныхоо хичээл сурлагад хяналт тавих шаардлага гарсан аж. “Энэ их мөнгөний хэсгийг 3 хүүхдийнхээ сургуулийн төлбөр болон байшиндаа засвар хийхэд зарцуулна. Харин зарим мөнгийг нөхрийнхөө зөвлөснөөр буяны үйлст зориулахаар болсон” гэж Кристин ярилаа.
Энэ сугалааны ачаар Мичиган мужид вакцинд хамрагдах хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа тул мужийн амбан захирагч Гретхен Уитмер их сэтгэл хангалуун байна. Эндхийн өөр нэг иргэн сугалаанаас 1 сая доллар хожсон ч түүнээ авах гэж одоо хүртэл хандаагүй юм байна. Мичиган мужийн сугалаагаар сая сая доллараас гадна өдөр бүр 30 хүн 50 мянган доллар, бас дээд сургуулийн төлбөр 55 мянган долларыг хожих боломжтой. АНУ-ын бусад мужийн шагнал эднийхээс харьцангуй бага юм байна, тухайлбал мөнгөн шагнал, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх, бэлгийн карт, пончик...