“Хүмүүсийн наслалтад бохир агаар сөргөөр нөлөөлж дундаж наслалт 2 жил 2 сараар багасч байна. Харин маш их бохирдолтой нутгуудад бүр 5 жил ба түүнээс ч их хугацаагаар наслалт богиносдог" гэж АНУ-ын Чикагогийн их сургуулийн судлаачид дүгнэжээ. Тэдний судалгаагаар Энэтхэг улсад хамгийн их агаарын бохирдол илэрсэн аж. “Хэрэв агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахгүй бол, үүнийг ДЭМБ-ын зөвлөсөн норм хэмжээ хүртэл багасгахгүй бол манай гарагийн оршин суугчдын наслалт дунджаар 2,2-5 жилээр хорогдоно. Бүр үүнээс ч их байж болзошгүй. Агаарын бохирдол бол сүрьеэ, ДОХ, тамхи, тэр бүү хэл дайн дажнаас ч илүү аюултайгаар наслалтад нөлөөлдөг” гэж эрдэмтэд мэдэгдлээ.
Энэтхэгт 480 сая хүн энэ дэлхийн хамгийн бохир агаараар амьсгалдаг. Элдэв бохирдсон хэсгүүдийн хуримтлал тэнд 70,3 мкг/м³ хүрдэг, энэ бол ДЭМБ-ын тогтоосон хэм хэмжээнээс 7 дахин их юм. Энэтхэг хэрэв агаарын бохирдлыг ДЭМБ-аас тогтоосон норм хэмжээнд (10 мкг/м³) хүргэж чадвал энэ орны иргэдийн дундаж наслалт 5,9 жилээр, харин хамгийн бохир мужуудад (Уттар-Прадеш, Дели) бүр 9,5-9,7 жилээр уртсах ажээ. Дэлхийн хамгийн бохир агаартай орнуудыг нэрлэвэл: Бангладеш хотод дээрх үзүүлэлт 65,5 мкг/м³, Непалд 61,2 мкг/м³.
Сонирхуулахад, Хятад улс маш богино хугацаанд агаарын бохирдлоо шийдэж чадсан гэж дэлхий шагшиж байна. 6 жилд энэ улс агаарын бохирдлын үзүүлэлтийг 29%-иар бууруулж чадсан юм. Гэтэл АНУ, Европын орнууд ийм амжилтад хүрэхийн тулд хэдэн арван жилийг зарцуулжээ.