“Коронавирүсийн мю штаммын тархалт одоогоор бага, гэсэн хэдий ч манай мэргэжилтнүүд үүнд маш нухацтай хандаж байгаа. Яагаад гэвэл, мю штамм олон мутацитай, улмаар тодорхой эсрэг биетүүдийн хамгаалалтаас зайлсхийх боломжтой гэсэн үг” хэмээн АНУ-ын халдварын ерөнхий эмч Энтони Фаучи “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. 2021 оны 1-р сард Колумб улсад илэрсэн коронавирүсийн “B.1.621” хувилбарыг мэргэжилтнүүд "мю" гэж нэрлэсэн билээ. Энэ штамм дэлхийн 40 улсад дэлгэрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “146 N хэмээх "нууцлаг" мутацитай, спайк уурагт хэд хэдэн амин хүчил орлуулсан мю штаммд онцгой анхаарал хандуулах ёстой” гэж энэ оны 8-р сард мэдэгдсэн.
Оросын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Александр Сергеев “Хэрэв коронавирүсийн шинэ шинэ штамм одоогийнх шиг ингэж ар араасаа дэгдээгүй байсан бол нөхцөл байдал огт өөр байх байлаа. Дэлхийн олон орны авч явуулсан вакцинжуулалтын үр дүнд “сүргийн дархлаа” үүсэх байсан юм. Гэтэл коронвирүс хурдан мутацид орсоор байна, иймээс үйлдвэрлэгчид ковидын эсрэг вакцины үйлдвэрлэлээ бас хурдан өөрчлөлт хийх ёстой” хэмээн мэдэгдлээ. “Коронавирүсийн мутаци асар олон, эцэс төгсгөлгүй гэж хэлж болно. Иймээс заавал вакцинжуулалтад хамрагдах ёстой” гэж Оросын Мэргэжлийн хяналтын газрын дарга Анна Попова уриалав.