“Сэтгэл санаа өөдрөг байх нь түргэн эдгэрэхэд тустай” гэж Америкийн эрдэмтэд баталж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын дараа өвчтөнүүдийг ажиглахад “Би хурдан эдгэрч тэнхэрнэ” гэсэн бодол өвөрлөсөн хүмүүс үнэхээр илүү хурдан эдгэрч хөл дээрээ босч байжээ. Гэхдээ өөдрөг үзэл яагаад тухайн хүний бие махбодид эерэгээр нөлөөлж, харин сөрөг, гутруу бодол нь эрүүл мэндийг улам муутгаж байгааг эрдэмтэд тайлбарлаж чадсангүй.
Сэтгэл зүйчид нэгэн сонирхолтой туршилтыг зуны улиралд явуулж 124 оюутныг хамруулав. Эхлээд хичээл сурлагадаа ямархуу амжилт үзүүлэх бодолтой байгаа талаар тэднээс асуулга авч, дараа нь тариа хийжээ. Энэ бол дархлааны хариу урвалыг өдөөх тариа байсан. Ингээд 2 өдрийн дараа оюутнуудын бие организм ямар хариу үзүүлж буйг эмч нар судалжээ. Өөдрөг, урам зориг дүүрэн оюутнуудын дархлаа нөгөө тарианы дараа улам нэмэгдсэн байв. Гэтэл гутранги, эсвэл идэвхгүй залуусын хариу урвал маш сул байлаа. Туршилтын дараа эрдэмтэд “Зарим өвчин, халдварын үед чухам өөдрөг үзэл нь хүмүүсийн дархлааг бэхжүүлдэг” гэж дүгнэжээ.