“Насанд хүрсэн хүмүүс хоногт дунджаар 7-8 цаг унтах ёстой, хамгийн багадаа 5,5 цаг” гэж нойр судлаач мэргэжилтнүүд зөвлөдөг. Унтах дуртай, мөн бага унтдаг хүмүүсийг эрдэмтэд 2 бүлэг болгон судалжээ. Өглөө эрт босдог хүмүүс голдуу идэвхтэй, өөдрөг үзэлтэй, сэгэл санааны зөрчилд бага нэрвэгдэж байв. Тэдний зүүд үйл явдлаар хомс ба нойргүй үеийг хөнгөн давдаг, амьдралд дорхноо дасан зохицож сөрөг мэдээ мэдээллийг сэтгэл зүрхэндээ хэт ойр хүлээж авдаггүй аж. Харин өглөө унтаж орондоо хэвтэх дуртай хүмүүсийн хувьд байдал огт өөр гарчээ. Тэд мэдрэмтгий, эмзэг, түгшимтгий, сэтгэлээр унах, гутрах хандлагатай. Нойр бол тэдний хувьд асуудлаас зугтах арга. Үүний зэрэгцээ тэд их зүүдэлдэг, зүүд нь адал явдалтай, хурц тод байх нь олонтаа.
“Тохиромжгүй цагт унтах нь сэтгэл гутралыг даамжруулдаг. Шөнө дундаас хойш унтах эсвэл өглөө үүрээр орондоо орж унтахад сэтгэлээр унах, шантрамхай болох, урам хугарах зэргээр сэтгэл санаанд таагүй нөлөөлдөг” гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг. Фрайбургийн их сургуулийн профессор Михаэль Бергер гутранги хүмүүсийн дунд нэгэн туршилт явуулсан нь амжилттай болжээ. Тэр өвчтөнүүдийг 17 цагт унтуулж байв. Хэсэг хугацааны дараа туршилтад оролцогсдын 60%-ийн сэтгэл санаа тогтворжиж түгшүүрт, гутранги байдал багассан нь ажиглагдав. “Иймээс сэтгэл гутралд автах хандлагатай хүмүүс маш эрт, 17 цагт унтах ёстой” гэж профессор Михаэль Бергер дүгнэжээ.