"Намрын улиралд модод навчсаа гүвж цэцэгс, өвс ногоо гандан бороотой саарал өдрүүд үргэлжлэх үеэр сэтгэл санаагаа өргөх энгийн арга бий. Ийм үед хурц тод өнгийн хувцас өмс. Тодорхой зарим өнгө хүмүүсийн дотоод эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлж сэтгэл санааг тайвшруулах зэргээр нөлөөлдөг” гэж сэтгэл зүйчид нотолдог. Тухайлбал, шар өнгө сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж гуниг уйтгарыг үлдэн хөөж найрсаг, сайхан ааштай болгодог ажээ.
Гадаадын улс орнуудад өнгөөр эмчлэх дамжаа хүртэл байдаг. Эргэн тойрны зүйлс саарал, хар бараан байхаас зайлсхийж өдөр тутмын амьдралаа “өнгө өнгөөр будах”-ыг хичээгээрэй. Та өөр дээрээ туршиж, зүгээр л шар өнгийн цамц эсвэл даашинз, хүрэм өмсөөд үз. Баяр хөөрийн гэгддэг ийм өнгө саарал хувцсаас огт өөрөөр үйлчилж улмаар таны сэтгэл санаа, биеийн байдал дээрдсэн мэт санагдана гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Гэр орны, ажлын өрөөний тохижуулалтад мөн ингэж хандвал зохино. Өглөөний цай уухдаа ширээн дээр шар өнгийн бүтээлэг дэвсэх буюу наранцэцэг, багваахай зэрэг шар өнгийн цэцэг вааранд хийж тавиарай. Таны өдөр баяр хөөртэй эхлэх болно.