“Цар тахлын үед хүн бүрийн хүчин чармайлт маш чухал. Сэтгэл санаагаар өөдрөг байх, биеийн дархлааг бэхжүүлэх аргуудын нэг нь спорт, амьдралын идэвхтэй хэв маяг” гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Лондоны их сургуулийн сэтгэл зүйч Роберт Юнг “Сэтгэл санааг өргөх хамгийн хүртээмжтэй арга бол спортоор хичээллэх. Ядаж л аль болох хөдөлгөөнтэй, идэвхтэй байхыг эрхэмлэ” хэмээжээ. Тэрбээр 20 жилийн турш хүмүүсийн сэтгэл зүйд спорт болон хөдөлгөөн хэрхэн нөлөөлж байгааг судалсан аж. Биеийн тамирын заал, усан сангаар байнга үйлчлүүлдэг, мөн гүйлтээр байнга хичээллэдэг хүмүүсээс асуулга авахад 85% нь “Дасгал сургуулилт, гимнастик хийсний дараа сэтгэл санаа тайвширч сайхан болдог” гэж хариулжээ.
Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнд өглөө дасгал гимнастик хийх, алхах ба гүйх, дугуй унах, цэвэр агаарт хөдөлгөөнт тоглоом тоглох нь сэтгэл санааны байдлыг тогтворжуулж биеийн ерөнхий байдлыг сайжруулдаг аж. Гэхдээ хэм хэмжээг баримтал, яагаад гэвэл биеийн ачаалал ихэдвэл танд сөрөг нөлөөлж болзошгүй. Түүнчлэн завсрын улиралд хэт даарах, хэт халууцахаас болгоомжил.