Байцаанд бараг бүх төрлийн витамин, бичил ба макро элементүүд агуулагддаг. Түүнчлэн энэ ногоо нь эслэг ба биофлавоноид, пектинээр баялаг бөгөөд бүтцэд нь уураг, органик хүчлүүд бий.
Хамгийн анх Берлиний Шарите их сургуулийн профессор Жан Бускегийн ахалсан баг нэгэн сонирхолтой баримтыг олж тогтоожээ. Зүүн Хойд Азийн орнуудад “COVID-19”-өөс болж нас барах тохиолдол маш цөөн байгааг эрдэмтэд анзаараад энэ бүс нутгийн оршин суугчдын хоол хүнсийг судалж эхлэв.
Зүүн Хойд Азийн орнуудын ард иргэд халуун ногоо, ферментжүүлсэн ногоог хүнсэндээ маш их хэрэглэдэг билээ. Тухайлбал, солонгосчуудын уламжлалт хүнс болох кимчи хэмээх дарсан байцаа нь ковидын хүндрэлийг бууруулж байгааг судалгаа харуулсан гэж эрдэмтэд дүгнэжээ.
Кимчи бол хоол боловсруулалтад нэн ашигтай лактобактериар баялаг ба их хэмжээний антиоксид, дархлааг бэхжүүлэх бодисууд, мөн ковидын эсрэг үйлчилгээтэй зарим бодис агуулдаг аж. Дарсан байцааг сармис, улаан чинжүү, имбирьтэй хослуулан хэрэглэхэд хүнд хэлбэрийн ковидоор өвчлөх эрсдэл багасч байна гэж эрдэмтэд үзэв.
Уушигны мембранд ACE2 фермент бий, чухам энэ л “үүд хаалгыг” ковидод нээж өгдөг юм байна. Харин дарсан байцааг элдэв хачиртай идэхэд тухайн бодисын түвшин буурч байжээ. Эрдэмтэд энэ судалгааны дүнг “Клиническая и трансляционная аллергия” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ.
Түүнээс гадна өдөрт ердөө 100 грамм дарсан байцаа идэхэд л та С витамины хэрэгцээгээ бүрэн хангана. Байцаа нь нимбэгээс хямд үнэтэй хэрнээ илүү их аскорбины хүчлийг агуулдаг. Чухамдаа С витамины ачаар хүний дархлаа дээшилж, аливаа вирүс ба бактерийн эсрэг тэмцэх чадвар нэмэгддэг билээ.
Сонирхуулахад, Монпелье их сургуулийн судлаачдын бүтээлийг Францад нийтэлжээ. “Байцаа ахиу хэрэглэдэг өвчтөнүүдийн нас баралт цөөн байна гэсэн баримтыг Монпельегийн судлаачид онцоллоо” хэмээн алдарт “The Sun” мэдээлсэн юм.
Эрдэмтдийн судалгааны дүнг та бүхэнд танилцуулахын зэрэгцээ дараах анхааруулгыг хүргэе. Хэрэв та коронавирүсийн халдвар авсан бол, мөн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж байгаа бол заавал мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй. Яагаад гэвэл элэг, ходоод, гэдэсний зарим өвчний үед дарсан байцаа хэрэглэх хориотой. Түүнчлэн зарим хүн байцааны харшилтай байж болзошгүй. Тиймээс коронавирүсийн эсрэг хамгийн найдвартай хэрэгсэл бол вакцин гэдгийг бүү мартаарай.