Гадаадын эрдэмтдийн үзэж буйгаар аз жаргал 50 настайд эхэлдэг аж. Яагаад гэвэл, 50 хүрснээс хойш стресс, уур хорсол, сэтгэл зовинол арилж хүн өдөр тутмын амьдралаасаа баяр хөөр мэдрэх нь улам бүр нэмэгддэг юм байна. Эрдэмтэд энэ судалгаандаа 34 мянга гаруй хүмүүсийг хамруулжээ. Нас барах эрсдэл нэмэгдэж янз бүрийн өвчин тусах магадлал ихэсч буйг үл харгалзан 50-иас дээш настнуудын сэтгэл зовинол багасч амьдралын сөрөг талыг үл тоож суран эерэг зүйлст илүү их ач холбогдол өгдөг юм байна. Нас ахих тутам амар тайван, сайн сайхан, аз жаргалын мэдрэмж төрөх нь улам бүр нэмэгддэг аж.
Туршилтад оролцсон хүмүүсээс тогтмол асуулга авч, өдрийн турш ямар сэтгэл хөдлөл мэдэрснийг тухай бүр бүртгэж авч байжээ. 50-иас дээш насны хүмүүс өөрийн сэтгэл хөдлөлөө илүү сайн хянадаг болж амьдралын нөхцөл байдлыг бүхэлд нь харж чадан эерэгээр хүлээн авч байжээ. Эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл нь нас явах тусам эрчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд өөрчлөгдөж байгааг судлаачид олж тогтоожээ. Үнэндээ эмэгтэйчүүд хэд насалсан ч ялгаагүй их стресс, санаа зовинол, түгшүүр, гуниг гутралаа ярьсан хэвээр байв. Гэсэн хэдий ч туршилтын дүн шинжилгээнээс үзэхэд 20 нас хүрснээс хойш хүмүүсийн стресс, уур хорслын түвшин буурч эхэлдэг, 50 наснаас хойш сэтгэл түгшимхий байдал арилж байлаа. Энэ зүй тогтолд тэд бага насны хүүхдүүдтэй эсэх, ажилтай ажилгүй болон хань ижилтэй эсэх нь огт нөлөөлсөнгүй. Нөхцөл байдал ямар ч байсан 50 нас хүрснээс хойш хүмүүст баяр хөөр, аз жаргалын мэдрэмж нэмэгдэж эхэлдэг гэдгийг эрдэмтэд ийнхүү батлав. Зөвхөн гуниг гансрал л ганцаар өөрчлөгдөхгүй хэвэээр үлджээ.