“Шүдээ өдөр бүр угааснаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх төдийгүй урт насална. Яагаад гэвэл шүдээ угаасны ачаар бие организмыг дотроос “идэх” элдэв архаг өвчнөөс хамгаалах боломжтой” гэж Английн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааг “Express” сэтгүүл нийтэлжээ. “Зүрх судасны өвчин эмгэг бол дэлхий даяар нас баралтын гол шалтгаан болдог. Азаар энэ өвчнөөс сэргийлж болно. Зөв хооллолт, биеийн хөдөлгөөн мэдээж чухал. Гэхдээ үүнээс гадна шүдээ өдөрт 2 удаа угаах нь урт наслахад тустай, өвчлөх эрсдэлийг бууруулдаг” гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв.
Шотландын эрүүл мэндийн судалгааны төв 8 жилийн турш 11869 хүнийг ажиглан тэднээс асуулга авч судалжээ. Судалгаанд оролцогсдын дундаж нас 50 байв. Эрдэмтэд тэднийг 3 бүлэгт хуваан судлав. Үүнд: өдөрт 2 удаа шүдээ угаадаг, өдөрт 1 удаа угаадаг, шүдээ тогтмол угаадаггүй (өдөр бүр биш). Түүнчлэн оролцогсдын болон ар гэрийн зүрх судасны өвчлөл, артерийн даралтын тухай мэдээллийг цуглуулж цусны дээжийг авч байлаа. 8 жилийн турш ажиглахад 555 хүн зүрх судасны өвчнөөр өвчилж, 170 нь нас баржээ. “Амны хөндийн ариун цэврийг сайн сахидаггүй хүмүүсийн хувьд зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл өндөр, үрэвсэл үүсэх магадлал бага байв. Иймээс шүд ба амны хөндийгөө эрүүл байлгая гэвэл өдөрт 2 удаа тус бүр 2 минутын турш шүдээ угаах хэрэгтэй. Өдөрт 4 минутаас ихгүй үргэлжлэх ийм дадал зуршил таны наслалтыг уртасгахад нөлөөлнө. Эсрэг тохиолдолд шүдний өнгөрөөс болж үрэвсэл үүсч амны хөндий төдийгүй бие организм бүхэлдээ өвдөж болзошгүй” гэж эрдэмтэд зөвлөлөө. Хамгийн сүүлийн үеийн энэ судалгаанд хоолны дэглэм, биеийн хөдөлгөөний идэвхжил зэргийг харгалзан үзээгүй юм байна.