Нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтантай хүмүүсийг бусад хүнтэй харьцуулахад илүү жаргалтай, эрүүл саруул байж урт насалдаг гэж эрдэмтэд олон жилийн турш хийсэн судалгааны эцэст нотоллоо. Америкийн Огайо мужийн их сургуулийн сэтгэл зүйн багш Сэм Картон “Нохой бол нийтэч бус хүмүүстэй хүртэл амархан холбоо харилцаа тогтоож чаддаг, түүнчлэн сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд ялангуяа шизофрениктэй ч гэсэн” хэмээн тайлбарлав. Эргэн тойрноо бараг сонирхдоггүй өвчтөнүүд хүртэл ноходтой дуртайяа харьцаж тэдэнтэй хамт салхинд зугаалан нохдоо халамжилж арчилж эхэлдэг аж. Тэр бүү хэл олон хүн чухам нохойн тусламжтайгаар бусад хүмүүстэй илүү их харьцдаг болжээ. Иймээс нохой, шувуу зэрэг гэрийн тэжээмэл амьтан зарим тохиолдолд бүр эм тариаг ч орлох боломжтой гэж эрдэмтэд зөвлөж байна. Гэртээ шувуу, амьтдыг тэжээх нь ахимаг насны хүмүүст эерэгээр нөлөөлдөг. Жирийн нэг тоть тэжээхэд л хүмүүс өмнөхөөс илүү нийтэч, найрсаг болж хөдөлгөөний идэвх сэргэн өвчлөх нь эрс багасч байлаа. “Тэгээд ч гэрийн тэжээмэл амьтан бол цусны даралтыг хэвийн болгодог” гэж эрдэмтэд тогтоожээ. Гэртээ нохой, муур, шувуу тэжээх нь хүүхдүүд, өсвөр насныханд мөн таатай нөлөөлж тэднийг амьтанд хайртай, өрөвч нимгэн сэтгэлтэй болгож өсгөхийн зэрэгцээ харшил зэрэг өвчин тусах нь цөөрч байгааг өөр нэг судалгаа баталсан.