Амны хөндийн хорт хавдар туссан байж болзошгүй зарим шинж тэмдгийг Английн эрдэмтэд нэрлэснийг “Express” сонин дамжууллаа. “Юуны өмнө хэлэн дээр улаан эсвэл цагаан толбо гарсан эсэхийг шалга. Мөн аманд гарсан яр шарх гурван долоо хоногийн турш эдгэхгүй байвал болгоомжилж эмчид үзүүлэхэд илүүдэхгүй. Түүнчлэн хүзүүн дээр хачин булдруу гарах, хоолой ба чих байнга өвдөх, юм залгихад хүндрэлтэй байх, хэл яриа өөрчлөгдөх тухайлбал хоолой сөөх зэрэг нь хавдрын шинж тэмдэг байх магадлалтай” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлэв. Гэхдээ та дээр дурдсан зарим шинж тэмдгийг өөрөөс илрүүлсэн тохиолдолд сандарч тэвдэх хэрэггүй, яагаад гэвэл өөр бусад өвчний үед ч иймэрхүү шинж тэмдэг илрэх нь бий.
“Амны хөндийн хорт хавдар голдуу доод уруулыг гэмтээдэг, мөн амны хөндийн салслаг, багалзуурын арын хана, бүйлсэн ба шүлсний булчирхай руу тархдаг. Голдуу 40-өөс дээш насны эрчүүд энэ хавдраар өвчилдөг, иймээс жилд дор хаяж 1 удаа эмнэлэгт очиж бүх төрлийн шинжилгээ хийх хэрэгтэй” гэж эмч нар зөвлөж байна.