Намар өвлийн улиралд ханиад томуу, коронавирүсээс сэргийлж дархлаагаа бэхжүүлэх халуун цай, унд уугаарай.
Чацарганатай цай: Чацаргана, цагаан гаа буюу имбирьтай цай бэлдэж уугаарай. Чацаргана бол витаминаар маш баялаг бөгөөд хөлдөөсөн ч ашигтай чанараа алдахгүй сайн талтай. Түүнд агуулагддаг С витамин нь өвчнөөс хамгаалах интерферон ялгаруулахад тустай бол бета-каротин (провитамин А) нь А витаминыг ялгаруулахад хэрэгтэй. А витамин бол салслаг бүрхүүлийг бэхжүүлж элдэв вирүс тогтохоос сэргийлдэг билээ. Харин имбирьт агуулагддаг олон ашигтай бодисын нэг бол гингерол, энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Имбирь түүнчлэн цусны эргэлтийг сайжруулж дулаацуулдаг, чухам үүний ачаар дархлааны системийн хамгаалалтын уургууд нь вирүс нэвтрэхийг завдсан эрхтэнүүдэд хурдан очно. 1 стакан цай бэлдэхийн тулд 1 цайны халбага чацаргана, тал цайны халбага имбирийн үндэс (эхэн үед цайны дөрөвний нэг) бэлдэн буцалсан халуун ус нэмж 1 минут идээшүүлнэ. Цай жаахан хөрсний дараа 2 халбага зөгийн бал нэмнэ.
Нохойн хошуутай цай: Энэ жимсэнд С витамин их агуулагддаг, бүр нимбэгээс ч их. Түүнчлэн нохойн хошуу жимс нь цус шингэлдэг. Судсаар цус хэр хурдан, сайн урсах тусам дархлааны системийн хамгаалалтын бүрэлдэхүүн хэсгүүд нь гадны вирүс, халдвар орсон газарт хурдан хүрч үйлчилдэг. Шөнө унтахдаа халуун саванд хатаасан нохойн хошуу жимс хийнэ. 0,5 литр халуун усанд 1 хоолны халбага нохойн хошуу байхад болно. Ингээд өглөө амттай, ашигтай халуухан унд бэлэн, хүсвэл зөгийн бал нэмээрэй.
Анистай (алирс, цангистай) цай: Эдгээр жимс дархлааг бэхжүүлдэг, олон төрлийн витамин агуулдаг, жишээ нь урсоловая кислота, бензойная кислота зэрэг нь бактериудын өсөлтийг дарамталдаг. Мөн эдгээр жимс шээсний замын өвчнөөс сэргийлж цистит, уретрит хурцдахаас сэргийлнэ. 1 стакан усанд 1 цайны халбага жимс ногдохоор тооцоол. Жимсийг халбагаар дарж няцлан бүлээн ус хийнэ (час халуун ус болохгүй). Хүсвэл зөгийн балаар амтал. Эдгээр жимсийг хөлдөөсөн ч ашигтай чанараа алдахгүй сайн талтай.
Куркумтай цай: Куркум хэмээх амтлагч дархлааг бэхжүүлж бие махбодийн үрэвслийн түвшнийг бууруулдаг. Иймээс ханиад томуу туссан үед хар ба ногоон цайнд хийж ууж болно. 1 стакан халуун усанд тал цайны халбага (эхний үед дөрөвний нэг хэмжээтэй) куркум хийж 5-10 минут байлган хэрэглэнэ. Халуун усыг халуун сүүгээр орлуулж болно. Хүсвэл зөгийн бал нэмээрэй.
Корицатай цай: Корицагийн ачаар глюкоз нь цуснаас шууд эсүүдэд нэвтэрдэг. Харин глюкоз бол та бидний бие махбодийн түлш буюу энерги билээ. Энерги хангалттай үед дархлаа сайн байж ханиад томуу туссан ч дороо эдгэрдэг. Түүнчлэн корицагийн үнэр нь тархины зохих төвүүдийг идэвхжүүлж сэтгэл санааны байдлыг дор нь дээрдүүлдэг. Корицаг яг куркум шиг найруулж ууж болно. Хэрэв та какаотой хольж хэрэглэвэл илүү ашиг тустай.