Хаврын улиралд витамины дутагдалд орохоос сэргийлэх хэрэгтэй гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэр тусмаа оюутан сурагчид уураг тархиа “тэжээхэд” онцгойлон анхаарвал зохино. Хоолны завсар хооронд доор дурдсан хүнс, ногоог идэх нь тархинд тустай хэмээн судлаачид үздэг.
Аарц -100 грамм
Аарцанд В12 витамин их агуулагддаг. Хүний бие организм энэ витаминыг ашиглан холин хэмээх бодисыг “үйлдвэрлэдэг” аж. Улмаар холиныг синтезлэхэд ацетилхолин үүснэ, энэ бол мэдрэлийн импульсийн маш чухал нейромедиатор-дамжуулагч билээ. Ацетилхолин нь оюуны чадварыг дээшлүүлж анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.
Овъёосны нэвс -3 хоолны халбага
Энэ бол удаан нүүрс ус бөгөөд уураг тархийг аажим, жигд тэжээдэг. Үүний ачаар ямар нэг тодорхой асуудал, бодлого дээр удаан хугацааны турш төвлөрч ажиллах боломжтой юм.
Гадил -1 ширхэг
Гадил жимс нь магниар баялаг билээ. Магни бол ой тогтоолтод эерэгээр нөлөөлж, сурах чадварыг нэмэгдүүлдэг.
Манго -100 грамм
Манго жимсэнд агуулагддаг фолийн хүчил нь норадреналины “үйлдвэрлэл”-ийг идэвхжүүлдэг. Учир нь норадреналины ачаар мэдрэлийн эсүүдийн ажиллагаа эрчимждэг юм байна.