Элэг бол хортой бодисуудыг шүүж аюулгүй болгон бие махбодиос гадагшлуулдаг маш чухал эрхтэн. Гэхдээ элэг өөрөө маш эмзэг бөгөөд шар өвчин, цирроз гээд өвчинд өртөх хандлагатай. “Элгэнд өвдөлтийн рецептор байхгүй тул өвчнийг эхэн үед илрүүлэх бараг боломжгүй. Зөв хооллолтыг эрхэмлэж уурагны өндөр агууламжтай, тэжээлийн бодисоор баялаг хүнс мөн цагаан хоол ахиу хэрэглэ. Жишээ нь мөөг, энэ хүнс бас таны дархлааг дээшлүүлнэ” хэмээн Хятадын эрдэмтэд зөвлөсөн тухай “Sina” агентлаг мэдээллээ. Мөн ус хангалттай уух хэрэгтэй, тэгснээр цусны эргэлт ба бодисын солилцоо сайжирч биеэс хаягдал шаар хурдан гадагшлах, токсин ба хортой бодисуудын хуримтлалыг бууруулах зэрэг олон сайн талтай. Энэ бүхний дүнд элэгний ачаалал багасч гэмтэх эрсдэл буурна. Мөн шингэн хандалсан ногоон цай уухад токсиныг задлахад элгэнд тусалдаг бас элэгний эсүүдийг нөхөн сэргээдэг аж. “Гэхдээ элэгний өвчтэй бол өлөн элгэн дээр ногоон цай уухаас зайлсхий” гэж хятад эрдэмтэд зөвлөжээ. Тэд элгэнд хамгийн хортой 4 хүнсийг нэрлэснийг хүргэв.
Хурц хоол, ходоод гэдэсний замыг цочроох хүнс: Ийм хүнс хоол боловсруулах системийг цочроож их хэмжээний ходоодны шүүс ялгаруулдаг учраас элэг болон ходоод, гэдсэнд таагүй нөлөөлдөг. Ходоодны шүүс илүүдсэнээр ходоод-гэдэсний замын салслаг бүрхүүлээс цус алдах, хавагнах, заримдаа бүр элэгдэх үзэгдэл ажиглагддаг. Мөн хоолны дуршил буурч дотор муухайрч бөөлжиж болзошгүй. Түүнээс гадна энэ нь тэжээллэг бодисууд шингэхэд саад тотгор учруулдаг. Тухайлбал, уураг хэт их задарсны дараа элэгний ачаалал нэмэгдэх, аммиакаар хордох, элэгний коомд орох зэрэг сөрөг уршиг дагавартай.
Холестерин их агуулсан хүнс: Элэгний өвчтэй хүмүүс ийм хүнс хэрэглэж болохгүй. Тиймээс өндөгний шар, малын дотор эрхтэн зэрэг хүнсний хэрэглээг хязгаарла.
Хөгцөрсөн хүнс: Шар буурцаг, арахис, эрдэнэ шиш зэрэг хүнс хөгцрөхөд шар аспергилл гэдэг маш хортой бодис үүсдэг. Энэ нь элгэнд их аюултай, элэгний эсүүдэд некроз эсвэл хорт хавдар үүсгэж болзошгүй. Иймээс хөгцөрсөн хүнс бүү хэрэглэ.
Архи, согтууруулах ундаа: Архи бас л элгэнд очиж задардаг. Иймээс элэгний өвчтэй хүмүүс архи согтууруулах ундаа ууж огт болохгүй.