Ковидоор өмнө нь өвчилсөн хүмүүст коронавирүсийн шинэ штамм омикрон халдварлах эрсдэл өндөр байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэрэмжлүүллээ. “Эдгэрсэн хүмүүс омикрон штаммаар дахин халдварлах эрсдэл өндөр байгааг урьдчилсан дүгнэлт харууллаа. Иймээс вакцинжуулалт, бүүстэр тундаа заавал хамрагдаарай. Гэхдээ эрдэмтэд одоогоор шинэ мутацийг нарийвчлан судалж байгаа, мөн хангалттай өгөгдөл алга, иймээс түүнийг их аюул осолтой ба халдвартай гэсэн дүгнэлтүүд урьдчилсан шинжтэй. "B.1.1.529" хэмээх энэ мутаци өмнөх хувилбаруудаас илүү трансмиссив эсэх (хүнээс хүнд амархан халдах), өвчний явц хэр хүндрэлтэй байх эсэх, шинж тэмдэг нь ковидын бусад штаммаас ялгаатай эсэх зэрэг асуудлыг тодруулж байна. Түүнчлэн омикрон штамм нь дельтагаас илүү аюултай эсэх нь тодорхойгүй байгаа, эдгээр асуултад ойрын өдрүүд, 7 хоногт хариу өгнө. Одоо ашиглаж буй ПЦР тестээр омикроныг илрүүлж байгаа” гэж ДЭМБ мэдэгдлээ.
ӨАБНУ-д коронавирүсийн халдвар авагсдаас 100 гаруй хүнд омикрон штамм халдварласныг илрүүлжээ. "Омикрон штамм дэгдсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад сүүлийн өдрүүдэд эерэг тесттэй хүмүүсийн тоо нэмэгдсэн, гэхдээ энэ нь омикронтой холбоотой эсэхийг тодруулахад хугацаа шаардлагатай, судалгаа явагдаж байгаа" гэж ДЭМБ тайлбарлав.