Энэ 7 хоногт Европын олон оронд коронавирүсийн омикрон хувилбар сөрөг рекорд тогтоож байгаа тухай “France info” мэдээллээ. Омикроны халдвар сүүлийн үед дэлхий даяар тархаж эхэлсэн ч Европт илүү хүчтэй давалгаа дэгдээжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрууд шинэ шинэ хязгаарлалт тогтоож байна.
Дани улсад 7 хоногт 100 мянган халдвар илрэв, өмнө нь энэ улсад хэзээ ч ийм олон тооны халдвар бүртгэгдэж байгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ орны 60 хүн тутмын 1 нь сүүлийн 7 хоногт эерэг тесттэй гэсэн үг. Грек, бас Испани улсууд халдвараар Европт тэргүүлж явна. Испанид хоногт бараг 100 мянга орчим халдвар илэрсэн, энэ бол 1-р сарынхтай харьцуулахад 2,5 дахин их юм. Мөн ковидоор өвдсөн хүмүүсийн карантины хугацаа 10 хоног байсныг 7 хоног болгож байгаа талаар Мадридын эрх баригчид мэдэгдлээ. Харин Германы Эрүүл мэндийн сайд нэмж хязгаарлалт тавьж магадгүй гэж сэрэмжлүүлэв. Түүнчлэн Бельги улс Шинэ жилийн дараа буюу ирэх 7 хоногоос халдвар нэмэгдэж болзошгүй хэмээжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Омикрон өндөр эрсдэл үүсгэж байна. Халдварын цунами дэгдэж магадгүй. Үүнээс болж эрүүл мэндийн системд улам их ачаалал ирэх шинжтэй” гэж анхааруулжээ.