“Хүн ярих, эвшээх, зүгээр амьсгалахдаа хүртэл вирүсийн хэсгүүдтэй аэрозоль ялгаруулж өөр хүнд халдвар тарааж болзошгүй. Коронавирүсийн омикрон хувилбараар өвчилсөн хүн хэрэв найтаах буюу ханиавал нэгэн зэрэг 100 хүртэл хүнийг халдварлуулах магадлалтай. Халдварлах хурдаар омикрон бүр улаан бурхан өвчнөөс ч давлаа. Иймээс л одоо асар олон хүн зэрэг халдвар авч байгаа” гэж Оросын дархлаа судлаач Владимир Болибок “Москва 24” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Омикрон хувилбарын өөр нэг онцлогийн тухай анагаахын ухааны дэд доктор, эм зүйч Андрей Кондрахин ярилаа. “Омикроноор өвчлөх үед үнэрлэх чадвар хадгалагдаж байна. Иймээс үнэрлэх мэдрэмж нь омикрон хувилбарыг тодорхойлох гол шинж тэмдэг байхаа больсон. Зарим судалгаанаас үзэхэд өвчнөө эмчлүүлж дуусах үед эсвэл бүр эдгэрсний дараа үнэрлэх чадвараа алдаж байна. Дельта штаммаас ялгаатай нь омикроноор халдварласан үед ходоод, гэдэсний замын өвчний шинж тэмдэг бүртгэгдэхгүй байгаа. Мөн вирүс уушиг руу буухгүй, мөгөөрсөн хоолойд үлддэг... Түүнчлэн ханиалгах, хамраас нус гоожих, бага зэрэг халуурах зэрэг амьсгалын замын хурц өвчин туссан мэт шинж илэрч байгаа” гэж тэрбээр тайлбарлажээ.