Аливаа хүний зан авир бол түүний генүүд ба хүрээлэн буй орчны нөлөөллийн үр дүн гэж сэтгэл зүйчид үздэг. Өвчлөл ба хүний характер хоорондоо хэрхэн, ямар хамааралтай байдаг тухай тэд судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд, сөрөг дайсагнасан хандлагатай хүмүүс хавдраар өвчлөх магадлал өндөр байлаа.
Уур хорсолдоо шатаж явдаг, өсөрхөг, догшин түрэмгий авиртай эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэлтэй аж. Харин ийм зан авиртай эрчүүдэд гэдэсний хорт хавдар тусах магадлалтай. Сэтгэл зүйчид үүнийг тайлбарлахдаа, сөрөг сэтгэл хөдлөл бол хүний дархлааны системийг дарамталдаг гэжээ. Үргэлж "ачаалалд" амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд үнэн хэрэгтээ кортизол, адреналины дааврын ялгарлаас хамаардаг аж, өөрөөр хэлбэл тэдний дааврын болон дархлааны систем хэт ачаалалд орсон байдаг. Ийм хүмүүс хавдрын болон зүрх судасны өвчин тусах эрсдэлтэй бүлэгт багтдаг гэж эрдэмтэн судлаачид дүгнэжээ.