Коронавирүсийн омикрон хувилбар хүний арьсан дээр хэр удаан амьдрах чадвартайг тодорхойлохоор Японы эрдэмтэд судалгаа явуулжээ. Тэд омикроны амьдрах чадварыг өмнөх штаммууд болох Уханий хувилбар, альфа, бета, гамма, дельтатай харьцуулсан аж. Хамгийн анхны штамм хүний арьсан дээр 8,6 цагийн турш амьд байсан бол омикроны хувьд энэ үзүүлэлт 21,2 цаг болж эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, коронавирүсийн омикрон хувилбар хүний арьсан дээр бараг бүтэн хоногийн турш хадгалагдана.
Энэ судалгааны талаар ОХУ-ын Гамалеин нэрэмжит төвийн судлаач, анагаахын ухааны доктор Анатолий Альтштейн ярихдаа “Омикрон гадаад орчинд ийм удаан амьдрах чадвартай учраас олон нийтийн газраар явах нь халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэсэн үг. Ер нь омикрон бол өмнөх штаммуудаас 3-5 дахин илүү халдвартай. Түүнчлэн гадаад орчинд тэсвэртэй байгаа нь омикроны тархалтад нөлөөлж байна. Энэ нь юуны өмнө хүүхдүүдэд их аюултай, яагаад гэвэл тэд сургууль, цэцэрлэг, тоглоомын газар гээд хаа яваа газартаа ямарваа гадаргууд хүрч шүргэж харьцах нь элбэг. Бид өмнө нь хүүхдүүдийг коронавирүст өртөх магадлал бага гэж үзэж байсан, одоо тийм биш гэдгийг мэдсэн. Хүүхдүүд дархлаа сайтай, тэсвэртэй ч дээр дурдсан онцлог чанарын улмаас омикрон тэдний хамгаалалтыг нэвтэрч байна. Ийм учраас хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулах ёстой” хэмээжээ.