Эрчүүд өөрийн эрүүл мэндэд бараг анхаардаггүй төдийгүй олон алдаа гаргадаг тухай эмч, судлаачид сэрэмжлүүлж байна.
Эрчүүд ба эмэгтэйчүүдийн биологийн ялгааны улмаас эрүүл мэнддээ хандах тэдний хандлага тэс өөр. Чухам ийм учраас эрчүүд ба эмэгтэйчүүдийн дундаж наслалтын ялгаа улам нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд эрчүүд илүү олон өвчилдөг ба эрүүл мэндтэй холбоотой асуудал илүү эрт эхэлдэг аж. Энд олон шалтгаан бий, гол нь эрчүүд юунд эхэлж анхаарал хандуулах ёстой талаар мэдлэг муутай байдаг. Жишээ нь эрчүүд нүүрээ угаасан савангаараа хөлөө угаадаг, гэтэл ингэж огт болохгүй. Мөн эрчүүд нарнаас хамгаалах тос хэзээ ч түрхдэггүй, гэтэл арьсны хорт хавдар эрчүүдэд ч бас тусдаг билээ.
Хүн бүр, ялангуяа эрчүүд жилд 1 удаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээ хийлгэх ёстой. Гэтэл 5 эрэгтэй тутмын 2 нь урьдчилан сэргийлэх үзлэгт орохоос татгалздаг аж. Эрчүүдийн 60% нь огт эмчид ханддаггүй, харин 19% нь ар гэрийнхэн болон төрөл садны шахалтаар эмчид очиж үзүүлсэн гэсэн статистик баримт бий. Гэтэл чухамдаа эмчид тогтмол үзүүлсний үр дүнд олон төрлийн өвчнийг, тухайлбал түрүү булчирхайн хорт хавдрыг эхний үе шатанд илрүүлэх боломжтой. Сануулахад, 6 эр тутмын 1 нь энэ өвчнөөр өвчилдөг.
Харин эрчүүд бэлгийн чалхдаа юу юунаас илүүтэй санаа тавьдаг ба тэд энэ тухайд байнгын стресст байдаг гэж хэлж болно. Гэтэл ийм стресс тэдний бие организмд сөргөөр нөлөөлөх аюултай. Эрчүүд түүнчлэн зүрхний өвчний эрсдэлийг бууруулах дасгал зэргийг үл тоомсорлодог, тэр бүү хэл дугуйн тренажерийг уйтгартай, дэмий хэрэгсэл гэж үздэг аж. Биеийн тамирын заал, фитнесийн танхимд орж ирсэн эрчүүд голдуу хүндийн өргөлтөд анхаарах хандлагатай. Ихэнх эрчүүд хүнсний ногооны оронд мах, талх идэхийг урьтал болгож йогурт, жимс жимсгэнийг бараг хэрэглэдэггүй. Гэсэн хэрнээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад тэд өөрийн бие галбирт илүү сэтгэл хангалуун байдаг нь сонирхолтой. Нэмж өгүүлэхэд, эрчүүд согтууруулах ундаа их уудаг. Энийг судлаачид “сэтгэл хөдлөлийн халдвар” гэж нэрлэдэг юм байна. Яагаад гэвэл согтууруулах ундааны нөлөөгөөр тэд биеэ суллаж тайвшран илүү найрсаг нөхөрсөг болдог. Харин эмэгтэйчүүд архи уухгүйгээр ч инээмсэглэж чаддаг.