Стресс ба ковид өвчний хоорондын уялдаа холбоог судалсан Английн эрдэмтдийн бүтээлийг “Annals of Behavioral Medicine” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэн судлаачид коронавирүсийн халдвартай, насанд хүрсэн 1100 хүнийг судалж тэднээс ковидын өвчлөл, Цар тахлын үеийн шинж тэмдгийн талаар асуулга авсан аж. 2020 оны 4-р сард хийсэн энэхүү асуулгаас үзэхэд гүн стресстэй хүмүүс нь бусадтай харьцуулахад коронавирүсийн халдварт илүү өртөмхий төдийгүй ковидын шинж тэмдэг нь илүү хурц тодоор илэрч байв. “Цар тахлын эхэн үед сэтгэл санаагаар унах, стресстэх нь коронавирүсийн халдвар авах бас нэг эрсдэлийг бий болгож байв. Энэ үед өвчний янз бүрийн шинж тэмдэг илэрч ковид илүү хүндрэлтэй, ужиг байдлаар явагдаж байсан" хэмээн судалгааны багийн тэргүүн Ноттингэмийн их сургуулийн Анагаахын сургуулийн профессор Кавита Ведхара мэдэгдлээ.
"Цар тахлын үед хэт их стрессээс болж зүрх судасны өвчин тусах нь олширч байна, энэ ялангуяа дунд ба ахмад насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болсон" гэж Америкийн эмч, эрдэмтэд сэрэмжлүүлсэн тухай “Daily Mail” сонины нийтлэлд дурджээ. Лос-Анжелес хотын “Cedars-Sinai” эмнэлэг, мөн “Cleveland Clinic”, “Johns Hopkins” эмнэлгийн эмч нар "40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн дунд зүрхний өвчин огцом, тодруулбал 10 дахин нэмэгдсэн" гэж мэдэгджээ.