Италийн эрдэмтдийн хийсэн сонирхолтой судалгааг “Journal of TranslationalMedicine” сэтгүүл нийтэлжээ. Таргалалт өвчнөөр шаналж буй 187 хүнийг эрдэмтэд судалгаанд хамруулан тэдний хоолны зуршил, хэр хугацаанд хоолоо идэж дуусгадаг зэргийг судалсан байна. “Хоолоо 20 минутаас бага хугацаанд иддэг хүмүүсийн цусан дахь холестериний түвшин мэдэгдэхүйц нэмэгддэг, энэ нь ялангуяа оройн хоолонд хамаатай. Мөн хоолыг яаруу сандруу идэж сурчихвал яваандаа идэх хоолны хэмжээ нь нэмэгдэж байв. Түүнчлэн хоолыг яаруу идэх нь холестерин ихсэх, таргалах магадлалыг 2 дахин нэмэгдүүлдэг” гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Хэдхэн минутад хоолоо идэж дуусгадаг хүмүүс голдуу шөлтэй хоол бас 2-р хоол, хачир, жимстэй идэж байв. Харьцуулахад хоолоо яаралгүй, тайван иддэг хүмүүс голдуу хачиртай ганц порц хоол идээд цадаж байв, тэд мөн хэтрүүлж идэх нь цөөн аж. “Хооллоход зориулан цаг зав гаргаж сурах нь юу идэж буйгаа ухамсарлан хоолны амтыг мэдрэх боломжийг бүрдүүлдэг. Мөн хоолоо сайн зажилж иддэг хүмүүс хэрэглэж буй илчлэгээ хянаж их иддэггүй учраас жин нэмэх нь бага. Тиймээс хоолны ширээний ард та өөртөө хэдэн минут илүү зарцуулснаар таргалалтыг ялж чадна. Үдийн ба оройн хоолонд 20 минутаас бага, өглөөний цайнд 10 минутаас бага хугацаа зарцуулах нь эрүүл мэндэд асуудал үүсгэх хандлагатай” хэмээн Италийн эрдэмтэд мэдэгдлээ.