86 настай Дээрхийн гэгээнтэн Далай лам нэг удаа өөрийгөө 110 насална гэж хэлсэн. Иймээс түүний зөвлөгөө, амьдралын хэв маяг нь эрүүл энх байж, урт наслахыг хүсдэг хүмүүст хэрэг болж магадгүй.
Нойроо бүрэн ав
Нойр бол хамгийн гол чухал бясалгал, бүр шувуудын хувьд ч гэсэн хэмээн Далай лам хэлжээ. Тэр хоногт 8 цаг унтдаг, нар шингэхэд нойрсч өглөө нар мандахад сэрдэг. Яагаад гэвэл, хувьслын сая сая жилийн турш хүний бие махбодь ийм хэмнэлд дасан зохицжээ. Бүр амралтын өдөр ч гэсэн тогтмол цагт унтаж сэрэх нь сайн амарсан мэдрэмжийг төрүүлдэг аж. Иймээс та дассан сурсан цагаасаа арай эрт унтаж эрт босохыг хичээгээрэй.
Өдөр бүр бясалга
Та Далай лам шиг удаан биш юмаа гэхэд ядаж өдөрт 5 минут бясалгаж сур. Бясалгал бол хөгшрөлтийг сааруулж, ухаан санааг саруул сэргэлэн болгож стрессийг бууруулдаг билээ. Түүнчлэн стрессээс сэргийлье гэвэл бясалгал, залбирал мөргөл маш чухал гэж Далай лам зөвлөдөг.
Идэвхтэй, хөдөлгөөнтэй бай
Та заавал спортоор хичээллэх албагүй. Далай лам шиг өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд салхинд зугаалж болно. Гүйх, хурдан алхах, салхинд зугаалах зэрэг идэвхтэй хөдөлгөөний ачаар илчлэгээ шатааж булчингуудаа бэхжүүлэхийн зэрэгцээ стрессгүй амьдрах боломжтой.
Ургамлын гаралтай хоолны дэглэм сахь
Далай лам яг тогтсон цагт идэж заншжээ, тэр ургамлын гаралтай хоол хэрэглэдэг ч хааяа бас мах иднэ. Махны хэрэглээг багасгах нь эрүүл мэндэд тустай, ялангуяа зүрх ба гэдсэнд их ашигтай. Түүнчлэн мах бага идсэнээр хорт хавдар үүсэх эрсдэл буурна.
Энэрэнгүй, нигүүлсэнгүй бай
“Бид шашингүй, бясалгалгүй амьдарч чадах ч хайргүй, энэрэл нигүүлсэлгүй бол чадахгүй” гэж Далай лам хэлжээ. “Аз жаргалд хүрэх хамгийн хүчирхэг зэвсэг бол өрөвдөх сэтгэл. Энэрэл нигүүлсэл л та бидний зүрхийг нээдэг. Харин айдас, уур хилэн, үзэн ядалт таны оюун ухааныг явцуу болгодог” гэж Далай лам сургадаг.