Хятадын нийслэл хот Бээжинд ковидын дэгдэлт болсон тул метроны 64 станцыг хаасан тухай тус хотын захиргаа мэдээллээ. Лхагва гарагийн өглөө уг нь 6 шугамын 44 станцын ажиллагааг зогсоосон, гэвч үдээс хойш нэмж 20 станцыг хаасан аж. Хятадууд ийм байдлаар халдварыг хянаж нэмж тархахаас урьдчилан сэргийлж чадна гэж үзжээ. Түүнчлэн хотын автобусын 63 маршрутын хөдөлгөөнийг түр зогсоосон, нэмж 48 маршрутын автобус зарим буудалд зогсохгүй юм байна. Бээжингийн оршин суугчид болон хотын зочид 5 сарын 5-наас эхэлж нийтийн тээврээр зорчихдоо ковидын сөрөг тестээ заавал биедээ авч явах ёстой болжээ. Хэрэв хяналт шалгалтын үеэр сөрөг тестгүй нь тогтоогдсон тохиолдолд хатуу хариуцлага тооцно гэж эрх баригчид мэдэгдэв.
Нэмж өгүүлэхэд, Бээжин хотын метро 1971 онд ашиглалтад орсон. Түүний ажилладаг шугамуудын урт 783 км. Бээжингийн метро нийт 459 станцтай, үүнээс 72 нь дамжин суух боломжтой аж. Энэ хотын метрогоор хоногт 12,5 сая зорчигч үйлчлүүлдэг.