“COVID 19”-н тархалт дэлхий даяар 7 долоо хоног дараалан буурч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 5 сарын 1-7-нд коронавирүсийн халдвар 30%-иар буурч 3,2 сая тохиолдол бүртгэгдлээ. Энэ бол өмнөх 7 хоногтой нь харьцуулахад гуравны нэгээр багассан тоо. Өөрөөр хэлбэл, Цар тахлын нөхцөл байдал 2021 оны 11 сарын түвшинд хүрч очлоо.
Европ, Азид халдварын тархалт буурч байгаа ч зарим оронд шинэ дэгдэлт гарсан. Германд өнгөрсөн 7 хоногт ковидоор өвчлөх нь буурч байснаа одоо дахиад нэмэгдэв. Энд 7 хоногт 560 мянга гаруй халдвар илэрсэн нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Италид мөн халдвар өсч 7 хоногт 2 ч удаа хоногт 150 мянга гаруй тохиолдол бүртгэгдэв. Харин Францад ковидын өвчлөл буурч 3 сарын эхэн үеийн түвшинд очжээ. Одоо энд хоногт 40 мянган халдвар гарч байна. Испанид 4 сарын сүүлээс хойш өдөрт 20 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа.
Азийн орнуудын хувьд хамгийн олон халдвар Японд илэрчээ, энд хоногт 20 мянгаас дээш хүн ковид тусч байна. Гэхдээ 4 сарын дунд үетэй харьцуулахал 2 дахин бага тоо. Хятадын Шанхай хотын зарим дүүрэг Хөл хориогоо аажмаар сулруулж эхлэв. Энд сар гаруйн турш маш хатуу Хөл хорио үйлчилж байгаа ба хэзээ бүрэн цуцлах нь тодорхойгүй. Өмнөд Солонгос өнгөрсөн сард халдварын тоогоор тэргүүлж байсан, одоо буурсаар 2 сарын түвшинд хүрчээ. Харин АНУ-д коронавирүсийн халдвар огцом өсч 7 хоногт бараг 400 мянган тохиолдол илрэв. Тус улс энэ үзүүлэлтээр Германы дараа дэлхийд 2-т жагсч байна.
Нас баралт мөн манай гарагийн өнцөг булан бүрд буурч байна. 3 долоо хоног дараалан ковидоор нас барсан хүний тоо 20 мянгаас доош бүртгэгдэв. Дэлхий даяар 5 сарын 1-7-нд 13,5 мянган хүн нас баржээ, энэ бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 3,5 мянгаар цөөн гэсэн үг. Гэсэн ч АНУ-д нас баралт өндөр хэвээр, энд 7 хоногт 1800 хүн ковидоор өнгөрсөн. Дараа нь Англи, Герман оров, эдгээр оронд тус бүр 1000 гаруй хүн нас барлаа. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Англид нас баралт ихэссэн бол Германд буурчээ.