Цахим эрин үе 1920-иод онд анхны зурагт бүтээсний дараа эхэлсэн гэж шинжээчид үздэг. Гар утас, интернэт хэтрүүлж хэрэглэх, зурагт байнга үзсэнээс болж сэтгэц, ухаан санаанд өөрчлөлт гарч хөгжил доголдох асуудал сүүлийн үед байнга сөхөгдөж байгаа. Германы нейрофизикч Манфред Шпитцер 2007 онд анх "digital dementia" – цахим ухаан доройтол гэдэг нэр томъёо гаргаж иржээ. Үүнийг Канадын судлаачид баталсан. Тэд 2014-2017 онд буюу 4 жилийн турш сургуулийн өмнөх насны 894 хүүхдийг ажиглажээ. Гэтэл хэл ярианы хөгжлийн саатал нь зурагтын өмнө эсвэл планшеттай өнгөрүүлсэн цаг хугацаанаас шууд хамааралтай болох нь тогтоогдов. Түүнчлэн дэлгэцийн өмнө 30 минут өнгөрүүлэх нь олон ноцтой уршиг дагавартай аж. Ийнхүү "цахим ухаан доройтол" гэдэг онош шинжлэх ухаанаар батлагдлаа.
Канадын Квебекийн статистикийн хүрээлэн өөр нэг судалгааг явуулжээ. Тэд 1300 хүүхдийг хамруулан судалсан байна. Гэтэл сургуулийн өмнөх насандаа зурагтын өмнө олон цаг өнгөрөөсөн хүүхдүүд нь бага ангид суралцахдаа олон асуудалтай тулгарч байв. Зурагтын өмнө суух дуртай хүүхдүүд "виктимность" авир төрхтэй болох хандлагатай нь болгоомжлол төрүүлсэн. Виктимность гэдэг нь латины "victima" – золиос гэсэн үгээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнүүд болон бусдад ашиглагдах, мөн буллингийн золиос болох хандлагатай гэсэн үг. Манфред Шпитцер “Тоон технологийг голдуу зугаа цэнгээнд ашигладаг. Тухайлбал мэдээллийг зүгээр ашигладаг, иймээс сэтгэх процесс явагдахгүй. Аажмаар сэтгэх, бодох гэж хүчин чармайлт ч гаргахаа болино. Уураг тархи ачаалалд орохгүй тул яваандаа хөгжихөө больдог. Энэ нь бага насны хүүхдэд онцгой аюултай. Мэдээж насанд хүрсэн хүмүүст ч сөрөг нөлөөтэй. Хэрэглээ аажмаар сэтгэлгээг мохоож зурагт ба гар утас, интернэт нь ухааны доройтол үүсгэдэг” хэмээн тайлбарлажээ.