Манай гарагийн 15 оронд сармагчны цэцэг өвчин илэрч энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо 100 хүрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Англи, Австрали, АНУ, Аргентин, Бельги, Канад, Франц, Герман, Итали, Нидерланд, Португали, Испани, Швед, Швейцарь, Израиль улсад сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн гэж “CNN” мэдээлэв.
Бельгийн эрх баригчид энэ өвчнөөр өвчилсөн болон тэдэнтэй хавьталд орсон хүмүүсийг 21 хоног Хөл хорионд оруулах шийдвэр гаргажээ. Шотландын Эдинбургийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дархлааны эмгэгийн кафедрын эрхлэгч Нил Мэбботт “Сармагчны цэцэг өвчин бол коронавирүс шиг халдвартай биш, нөхцөл байдлыг бүрэн хянах боломжтой. Маш ойрын хавьтлаар халдвар авах боломжтой. Арьсны ба салслаг бүрхүүлийн гэмтэл, бие махбодийн шингэнтэй харьцах эсвэл цагаан хэрэглэлээр дамжин энэ өвчин халдварладаг” гэж тайлбарлав. Сармагчны цэцэг өвчний эхний шинж тэмдэг нь ханиад томуу шиг илэрдэг: халуурах, чичирч дагжих, тамир тэнхээгүй болох, толгой өвдөх, булчин сулрах. Дараа нь биеэр тууралт гарч улмаар цагаан өнгийн яр шарх болж хувирах ба эдгэрсний дараа сорви үлддэг аж.