“Ажил ба амралтын дэглэмийг баримталж хэвшихгүй бол сөрөг уршиг дагавартай. Байнга нойр дутуу явах нь илүүдэл жинтэй болгох эрсдэлтэй” гэж Оросын эмч Бекхан Хациев мэдэгдлээ. Саяхан Оросын олон нийтийн санал бодлыг тандаж судлах төвөөс санал асуулга явуулахад тус орны 5 хүн тутмын 1 нь “Ханатал нойроо авдаггүй” гэж хариулсан байна. Дашрамд дурдахад, ОХУ-ын 40 сая иргэн илүүдэл жинтэй гэсэн тоо байдаг аж. “Сайн унтаж чадахгүй, дутуу нойртой байснаас болж дархлаа буурах, таргалах зэрэг ноцтой асуудал үүсдэг. Бүх зүйл гипоксеми буюу цусан дахь хүчилтөрөгчийн агууламж буурахаас эхэлдэг, дараа нь бие махбодийн ялгаруулж буй инсулинд мэдрэмтгий байдал буурдаг. Үүний дараа глюкозод тэвчимхий байдал өөрчлөгдөж чихрийн шижин үүсэх хандлагатай. Нойр муу гэж мэдээлсэн хүмүүсийн хувьд II төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэл жил тутам 2%-иар ихэсч байв. Өөр нэг судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүмүүс хоногт 5 цагаас бага унтвал, харин хүүхдүүд 10 цагаас бага унтвал таргалах өндөр эрсдэлтэй. Нойроо бүрэн авч чадаагүй хүмүүсийн хоолны дуршил нэмэгдэж хоногт хэрэглэх калори өсч өөх тостой, чихэрлэг, давстай хоол идэх хэрэгцээ улам ихэсч байсан. Түүнээс гадна муу унтдаг хүмүүс ихэндээ тогтмол хооллодоггүй, хоолны завсар хооронд байнга юм идэх хандлагатай. Ер нь хоол тэжээлийн ердийн хэмнэл алдагдах, бодисын солилцоо удаашрах нь илүүдэл жинтэй болох шалтгаан юм. Хүн хичнээн их калори хэрэглэнэ бие организм төчнөөнийг зарцуулдаг. Хэрэв энэ явцыг анхнаас нь хянаж чадахгүй бол илүүдэл жинтэй болж аажмаар таргалалт болж хувирна. Таргалалтын бас нэг аюул гэвэл энэ нь хүний амьдралын чанарыг муутгаж дагалдах элдэв хүнд өвчин үүсгэх магадлалтай. Жишээ нь, II төрлийн чихрийн шижин, зүрхний өвчин, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон өөр бусад системийн өвчлөл. Иймээс та амьдралын эрүүл хэв маягийг баримталж биеийн дасгал гимнастик тогтмол хийж зөв, зохистой хооллон ажил амралтын дэглэм баримтлах ёстой” хэмээн эмч Бекхан Хациев зөвлөж байна.