---Оросын эмч Лидия Синицинагийн зөвлөгөө---
Өтгөн хатах үед, мөн турах зорилгоор гэдэс туулгах эмийг хяналтгүй уух маш их аюултай, эрүүл мэндэд сайнгүй нөлөөлж гэдэсний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүй. Улмаар хавдар үүсгэх эрсдэлтэй. Өтгөн баастай цуг биеэс натри, кали, электролитууд гадагшилж бие махбодийг усгүйжүүлж цаашид өтгөн хатахад хүргэдэг. Ер нь туулгах зориулалттай ямар ч эмийг эмчийн жоргүй хэрэглэж болохгүй, тэр тусмаа удаан хугацаагаар уувал дасал болох магадлалтай. Түүнчлэн гүйлгэх эмийг их уусны улмаас гэдэс өвдөх, бөөр ба элэг ноцтой гэмтэх зэрэг сөрөг үзэгдэл ажиглагддаг. Хэрэв та эмчийн заавраар туулгах эм ууж байгаа бол заавал их хэмжээний ус уугаарай, эсрэг тохиолдолд гэдэс түгжрэх зэрэг таагүй нөлөөтэй. Өтгөн хатах үед зөв хооллолт маш чухал. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ ахиу хэрэглэ. Эмчид хандаж гэдэсний бичил орчныг сайжруулах зөвлөгөө ав, шаардлагатай гэвэл зохих шинжилгээ хийлгээрэй.