“Коронавирүсийн халдвараас болж зарим тохиолдолд өндгөвчний ажиллагаа доголддог, өөрөөр хэлбэл үр тогтоход шаардлагатай эсүүд боловсордоггүй” хэмээн Хятадын эрдэмтэд мэдэгджээ. Харин энэ тухай Оросын “Next Generation Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн эмч Анна Ермолаева “COVID-19-н хүнд хэлбэрээр өвчилсний дараа зарим тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, өндгөн эс боловсрохгүй байх зэрэг ноцтой уршиг дагавар ажиглагдсан. Үүний улмаас үр тогтоход хүндрэл үүсэх, зохиомлоор үр тогтоох оролдлого бүтэлгүйтэх, эхний 3 сард үр зулбах зэрэг сөрөг үзэгдэл гарч байна. Ковидоор өвчилж эдгэрсний дараа ихэнх эмэгтэйчүүдийн хувьд 1-4 сард бүх үзүүлэлт аяндаа хэвийн хэмжээнд очдог. Гэхдээ та ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дээрх мэдээллийг анхааралдаа аваарай” хэмээн ярилаа.