Аялан жуулчлах ямар ашиг тустай болохыг бүгд мэднэ, харин Австралийн эрдэмтэд үүнийг цоо шинэ өнцгөөс харж чаджээ. “Деменци өвчтэй хүмүүст аялал жуулчлал сайнаар нөлөөлж байгааг судалгаа, туршилт баталлаа” хэмээн Австралийн Эдит Коуэний их сургуулийн судлаачид мэдэгдлээ. Энэ талаар “Tourism Management” сэтгүүл нийтлэл бичсэн байна. Деменци гэж ой тогтоолт муудах, танин мэдэхүйн чадвар доройтох, мөн сэтгэлгээ, авир төрхөд сөрөг өөрчлөлт гарах, өдөр тутмын үйлдлээ гүйцэтгэх чадвар муудах (мэддэг газраа төөрөх гэх мэт) зэргээр илэрдэг өвчин. Энэ өвчинд голдуу ахмад хүмүүс өртдөг. “Аялал жуулчлалыг амралт төдий гэж үзэх бодлоо өөрчлөх цаг болжээ. Түүнийг деменциэс сэргийлэх арга болгон ашиглаж болно... Деменциэр өвчилсөн хүмүүс хэрэв шинэ орон газраар явж дасал болоогүй хоол унд хэрэглэх, танихгүй хүмүүстэй танилцаж харьцах, шинэ туршлага сууж эерэг сэтгэгдэл хуримтлуулж эхэлбэл танин мэдэхүй, мэдрэхүйн хүлээн авах процесс эрчимжиж байв. Аяллыг эмчилгээ хэлбэрээр ашиглаж яагад болохгүй гэж. Яг дуу хөгжмийн эсвэл арт-эмчилгээ шиг. Шинэ сэтгэгдэл, эерэг сэтгэл хөдлөлийн тусламжтай деменциэс сэргийлэх буюу энэ өвчнийг эмчлэх болох юм. Түүнээс гадна аяллын үеэр явган их явах тул тухайн хүний бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд ашигтай. Дээр нь цэнгэг агаар, нарны гэрэл, D витамин ба серотонины түвшин нэмэгдэх зэргийг нэмээрэй. Иймээс деменци өвчтэй хүмүүсийг ирээдүйд эмч нар аялал -жуулчлалаар эмчилдэг болж магадгүй. Үүнийг үндсэн эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл биеийн байдал сайжирч уураг тархины эмгэг процессыг саарах юм” хэмээн эрдэмтэд тайлбарлажээ.