Оросын дотрын эмч, хоол зүйч Елена Игнатикова “Sputnik” радиод ярилцлага өгөхдөө хиамны хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.
Ихэнх хүмүүс хиамыг бараг өдөр тутам хэрэгглэдэг, хачиртай талх болон 2-р хоол хийх, салаатанд холих зэргээр. Гэхдээ үүнийг эрүүл хооллолт гэх хэцүү. Яагаад гэвэл хиам, хиаман бүтээгдэхүүний бүтцэд хэт боловсруулсан мах, их хэмжээний давс байдаг. Ийм мах нь хавдар үүсгэж болзошгүй, мөн зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж зүрх судсыг сүйрүүлнэ. Өөрөөр хэлбэл инсульт, инфаркт ч болж магадгүй. Хиаманд олон төрлийн нэмэгдэл бодис хийдэг, энэ нь эрсдэлийг улам ихэсгэдэг. Жишээлбэл, хиаманд маш их давс агуулагддаг. Давсыг уг нь хоногийн норм хэмжээгээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. Насанд хүрсэн хүн хоногт 5 граммаас илүүгүй давс хэрэглэх ёстой, гэтэл 100 грамм хиаманд хоногийн нормын давсын тал нь бий. Түүнчлэн хиамыг зарим үйлдвэр чанаргүй, муу махаар хийх нь бий. Тэр бүү хэл зарим тохиолдолд удсан мах, тахианы арьс, өөхтэй хэсгүүдийг нэмснийг илрүүлж байсан. Өөхтэй хэсгүүдэд ханасан өөх тос агуулагддаг учраас цусан дахь холестериний түвшнийг нэмэгдүүлж улмаар зүрх судасны өвчинтэй болгох аюултай. Иймээс 7 хоногт хиамыг 1 удаа идэх хэрэгтэй, илүү олон болохгүй. Мөн салаатанд хиам бүү нэм, өөр арай аюулгүй махаар соль. Жишээ нь, чанасан тахиа, гахай, үхрийн мах. Хачиртай талх бэлдэх бол хиамны оронд чанасан мах, бяслаг хэрэглэвэл сайн. Эсвэл тахианы цээж махыг олон төрлийн халуун ногоогоор амтлан чанахад илүү ашигтай хүнс болж хувирна.