“Дэлхийн 10 хүн тутмын 1 нь сэтгэл гутралаар шаналдаг, 2021 онд 615 сая хүн энэ өвчнөөр өвдсөн” хэмээн ДЭМБ-ын илтгэлд дурджээ. Иймээс доорх 7 аргаас өөрт тохирохыг сонгон сэтгэл гутралаас сэргийлээрэй.
1. Ой мод, цэцэрлэгт хүрээлэнд тогтмол зугаал. 7 хоногт ядаж 1 удаа 30 минут ой модон дунд зугаалахад сэтгэл гутралд орох эрсдэл 7% буурдаг гэж Австралийн Квинслэндийн их сургуулийн эрдэмтэд нотолжээ.
2. Хайрла, дурла, секс хий. Хүмүүс хайрлаж дурласан үед дофамин хэмээх аз жаргалын даавар асар ихээр ялгардаг аж. Үүн дээр сексийг нэмэхээр сэтгэлээр унах цаг зав байхгүй.
3. Хүссэнээ ид. Үе үе дуртай юмаа ид, гэхдээ хэтрүүлж болохгүй. "Хоолны чанга дэглэм нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Турж байгаа хүмүүсийн ихэнх нь хоол хүнсээ хязгаарласнаар гуниг уйтгарт автсан, хэн нэгнийг цохиж зодмоор санагддаг гэж хариулсан" хэмээн АНУ-ын эрдэмтэд мэдэгдлээ. Тэд Калифорни, Чикаго, Техас мужид судалгаа явуулжээ. Оролцогч бүсгүйчүүдэд дуртай хоолоо идэхийг зөвшөөрч дараа нь кино сонгож үзэхийг санал болгов. Бараг бүгд хөнгөн, романтик кино сонгожээ. Дараагийн шатанд эмэгтэйчүүд хоолны хатуу дэглэм сахижээ, гэтэл тэд бүгдээрээ аймшгийн кино, триллер сонгосон аж. Шалтгааныг тодруулахад, оролцогчдын 90% нь турсан ч дахиад таргална гэж айж байжээ. Ганц энэ бодол амьдралын бүх баяр хөөрийг үгүй хийх чадвартай. Иймээс хоолны дэглэм баримталдаг бол өдөрт 2 зүсэм хөх тарианы талх ид.
4. Эксээ амьдралаас авч хая, нийгмийн сүлжээнд найзаасаа хас. Эксээ мөрдөхөө боль, тэр шинэ хайртай учирвал дахиад сэтгэлээр унахын нэмэр. Английн Брунелийн их сургуулийн 464 сайн дурынхан дээр хийсэн судалгаа үүнийг батална.
5. Ядаж ганц бодит найзтай бол. Канадын эрдэмтэд бүтэн жилийн турш сэтгэл гутралд орсон 2500 хүнийг ажиглажээ. Сэтгэлээ нээж зовлонгоо тоочдог ядаж ганц найзтай хүмүүст илүү хурдан эдгэрч байв. Ойр дотны хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэг гайхамшгийг бүтээдэг. Бас амьтан тэжээж болно. Нохой зүрхний хэмнэлээ эзнийхтэй ижил болгох чадвартай, энэ бол нэг ёсны тайвшруулах эм. Мөн нохойг гадуур салхилуулах ёстой, тиймээс 1р зөвлөгөө шууд хэрэгжинэ.
6. Хөдөө газар амьдар. "Сэтгэл санаатай холбоотой асуудал хот суурин газрын оршин суугчдад илүү тохиолддог, харин хөдөө нутгийн хүмүүс арай амгалан тайван, амьдралын баяр хөөртэй байдаг" гэж АНУ-ын эрдэмтэд дүгнэжээ. Тэд 6000 өвчтөний картад анализ хийсэн аж. Амьдралын түргэн хэмнэл, сэтгэл санааны ачаалал, стресс нь аажмаар харшил, бодисын солилцооны доголдол, инфаркт, шизофрени зэрэг ноцтой асуудалд хүргэх нь элбэг байлаа. Иймээс та ядаж зуны улиралд хөдөө цэвэр агаарт аялж мал амьтантай ойр байхыг хичээ. Энэ бүхэн антидеприсантаас илүү тус болно.
7. Наранд байхыг хичээ. Битүү орчин, бүүдгэр сүүдэр газарт дандаа байж болохгүй, D витамины дутагдалд орно. Энэ витамины хомсдол сэтгэлээр унах, гутрах, хэт түгших, шалтгаангүй гуниглах зэрэг сөрөг үр дагавартай.