өдөр
шөнө
×

Мэдээ тогтмол үзэх эрүүл мэндэд хортой 

АНУ-ын Техасын техникийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийсний эцэст “Мэдээ тогтмол үзэх, унших нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Мэдээний хамааралтай болсон тохиолдолд сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд асуудал үүсдэг” гэж мэдэгдлээ. Тэдний бүтээлийг “Health Communication” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд 1100 хүнээс онлайн асуулга авч мэдээ мэдээлэлд хэрхэн ханддаг тухай, мөн биеийн эрүүл мэндийн талаар асууж лавлажээ. Үргэлж мэдээ үздэг, юу болсныг шалгах хүсэлтэй хүмүүсийн ихэнх нь стресст өртөж түгших, бие өвдөх зэрэг асуудалтай нүүр тулгарсан гэж хариулсан байна. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 16,5% нь мэдээнээс хэт хамааралтай байгаа нь ажиглагдав. Ийм хүмүүс мэдээллийн урсгалд маш их гүн автаж өөр юу ч бодох сөхөөгүй гэдгээ хүлээсэн. Үүнээс болж тэдний нойрны дэглэм алдагдаж гэр бүлийн дотоод уур амьсгалд сөрөг нөлөөлсөн төдийгүй хичээл сургалт эсвэл ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, стресстэй, сэтгэл түгшүүртэй тухайгаа өгүүлжээ. Мэдээний “хамааралтай” хүмүүсийн ихэнх буюу 73% нь сэтгэцийн хямралтай, 61% нь бие өвдөж байв. “Иймээс мэдээнд донтох, ийм хамаарлаас ангижруулах суртал ухуулгыг нийгэмд явуулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэндээ нөхцөл байдлыг улам даамжруулж голдуу сөрөг мэдээ мэдээлэл цацаж байна” гэж эрдэмтэд шүүмжиллээ. “Дэлхий дээр дайн дажин, Цар тахал, осол сүйрэл, эмгэнэлт үйл явдал зэрэг үйл явдал өрнөдөг. Үүнийг ажигласаар зарим хүмүүс байнгын бэлэн байдалд амьдарч улмаар хорвоо ертөнцийг харанхуй, аюултай байдлаар төсөөлж эхэлдэг” хэмээн судалгааг санаачлагчдын нэг, Техассын Техникийн их сургуулийн профессор Брайан Маклафлин анхааруулав. 
Мэдээнд донтох, хамааралтай болсны шинж тэмдгээс дурдвал: хэт их мэдээ үзэх, унших, түүнээс өөр юм бодохоо болих, үзэхгүй уншихгүй байж чадахгүй. Тэд мэдээ үзэж сонссоноор сэтгэл зовинол, түгшүүрийг намдаана гэж боддог гэвч тийм биш. Мэдээ үзэх, унших тусам амьдралд нь улам саад болдог. “Энэ тохиолдолд мэдээ огт үзэхгүй байвал дээр гэж үзэх нь буруу. Огт мэдээ сонирхохоо больсноос болж өөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хэрэгтэй мэдээллийг үзэхгүй өнгөрүүлж болзошгүй. Иймээс хэм хэмжээг баримтал” хмээн эрдэмтэд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top