Амьдралыг өөдрөгөөр харах үзэл танд эрүүл мэндийг бэлэглэнэ гэж судлаачид баталж байна. “Бүх өвчин нервээс үүдэлтэй” гэдэг хэлц үг үнэний хувьтай аж. Хэрэв ямар нэг шалтгаанаар (цаг агаар эсвэл хувийн амьрал, ажлын стресс) сэтгэл санаа тавгүйрхвэл энэ нь таны биеийн байдалд шууд сөргөөр нөлөөлдөг аж. Яагаад гэвэл ийм үед дархлааны системийн хамгаалалт удаан “ажилладаг” юм байна. Харин өөдрөг, сэтгэл санааны байдал өндөр байхад дархлааны эсүүд их хэмжээгээр үүсч, идэвхтэй “ажилладаг”. Иймээс та сэтгэл санааны байдлаа хянаж сурахад гэмгүй аж. Амьдралын баяр хөөрөөр цалгиж байдаг хүмүүстэй аль болох их харьц, гэр бүлийн хүрээнд үдшийг амгалан, тайван өнгөрөөж бай. Хөл хорио тогтоогоогүй үед найз нөхөдтэйгээ театрт очиж сайхан кино үзээрэй. Заримдаа тасалгаан дахь гоё цэцэг, ургамал ч сэтгэл санааг өргөж тайвшруулах нь бий.
Нэмж өгүүлэхэд инээмсэглэл болон өөдрөг үзэл, алиа хошин зан хүмүүсийн насыг уртасгадаг болохыг Америкийн эрдэмтдийн судалгаа нотолжээ. Тэд 1952 оны регистрээс бейсбол тоглодог тамирчдын гэрэл зургийг авч судалгаа хийсэн байна. Бүх тамирчныг инээмсэглэсэн эсэхээр нь хэдэн бүлэгт хуваажээ. Огт инээмсэглээгүй, жуумалзсан... өргөн дэлгэр инээмсэглэсэн гэх мэт. Хамаг сэтгэлээсээ өргөн дэлгэр инээмсэглэх ба урт наслалтын хооронд уялдаа холбоо байгааг эрдэмтэд олж тогтоожээ. Гэрэл зурган дээр инээмсэглээгүй тамирчид дунджаар бараг 73 насалсан бол яльгүй инээмсэглэлтэй хүмүүсийн дундаж наслалт 75 байв. Харин сайхан, өргөн дэлгэр инээмсэглэдэг хүмүүс дунджаар 79,9 насалжээ. Энэ бол баргар царайтай тамирчдынхаас 7 насаар их гэсэн үг.
Хүмүүс ээ, урт насалъя гэвэл инээмсэглээрэй!