өдөр
шөнө
×

ЭМ-ийн сайд С.ЭНХБОЛД: Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд 500 мянга гаруй иргэн хамрагдлаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж байгаа билээ. 

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.11.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийгдэж байгаа  Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай газар дээр нь танилцлаа. 

"2022 оны 11 сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4% нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 % нь эмэгтэйчүүд байна" гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв. Тэрбээр "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ. . 

Өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс: 
175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин
24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд
15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин
15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин
10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна.

Байршлаар харуулбал 256,718 буюу 51,2 хувь Улаанбаатар хотод, 245,021 буюу 48,8 хувь нь орон нутагт байна. 

Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд: 
Баянзүрх дүүрэг 62,432
Баянгол дүүрэг 69,570
Сонгинохайрхан дүүрэг 36,654 
Хан-Уул дүүрэг 29,407 
Сүхбаатар дүүрэг 29,407 
Чингэлтэй дүүрэг 14,917 
Налайх дүүрэг 10,146
Багануур дүүрэг 4,737
Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.

Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457, Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна.

Мөн 2021-2022 онд 25.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг,  5 дүүргийн эрүүл мэндийн төвд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг олон улсын стандартын дагуу засварлаж, бүрэн тохижуулж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай 1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж, дэмжих төвүүдийг байгуулж иргэдэд  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон бөгөөд үүнд улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны багаж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

"Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амыг хамруулснаар амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтойг илрүүлэгт хамрагдсан 500.000 хүний жишээ харуулж байна. Түүнчлэн оюутны эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор "Эерэг хандлага –Эрүүл оюутан аяныг мөн энэ сараас эхлүүллээ. Иргэд та бүхнийг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ. .

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top